Зам тээврийн ослын 1085 дуудлага бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
dogsom@montsame.mn
2018-09-07 12:37:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын Цагдаагийн газраас улсын хэмжээнд энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлж, сэрэмжлүүлж байна. Энэ сарын 3-7-ны өдөр Нийслэл хотын хэмжээнд Тээврийн цагдаагийн албанд нийт 1538 дуудлага ирснээс Зам тээврийн ослын 1085 дуудлага бүртгэгджээ.Зам тээврийн ослоор нийслэлд 4 хүн, орон нутагт 4 хүний амь нас хохирсон ноцтой хэрэг. Осол, хэргийн улмаас 42 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэнээс 12 нь бага насны хүүхэд тэр дундаа 92 хувь нь буюу 11 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна.
Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал, Энэ сарын 4-нд 13 цагийн орчим ХУД-ийн нутаг 115 дугаар  сургуулийн урд замд марк, улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч хүүхдийн тэргэнд түрж явсан 2 сартай А-г мөргөж гэмтээсэн. Жолоочийг шуурхай олж илрүүлэхэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон. Мөн энэ сарын 6-ны өдөр 20 цагийн орчим СХД-ийн нутаг Тахилтын 6 дугаар буудлын баруун замд марк, улсын дугаар нь  тодорхойгүй мотоцикл замын хашлага мөргөж жолооч 41 настай Б-гийн амь нас хохирсон. Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 247 зөрчил илрүүлж хариуцлага тооцжээ.
Энэ долоо хоногт нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг үйлдэгдсэн хэлбэрээр нь авч үзвэл зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл 11,6 хувь, амь нас хохирсон 14 хувь, гэмтсэн хүн 44 хувиар тус тус өссөн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 17 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Мөн алба хаагчдаас иргэд олноор цуглардаг томоохон гудамж, зам, автобусны буудлын ойр орчимд чанга яригчаар ухуулга сурталчилгаа хийн ажиллаж байна. Алба хаагчид залилан мэхэлсэн гэмт хэрэг 1, иргэний гар утсыг хулгайлсан, булаасан гэмт хэрэг 2, мөн тарваганы мах тээвэрлэж явсан 2 хэргийг тус тус илрүүлэн ажилласан байна.
 
Б.Янжиндулам
Холбоотой мэдээ