Эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн суралцаж байгааг өдөр тутам хянах боломжтой болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2018-09-07 15:33:03
Дундговь /МОНЦАМЭ/ Дундговь аймгийн БСУСГ-аас "Боловсролын мэдээллийн нэгдсэн цахим систем"-ийн шинэчлэгдсэн дэд системийг ашиглах арга зүйн сургалтыг энэ сарын 6-7-нд Сайнцагаан сумын төвд аймгийн 19 сургуулийн сургалтын менежерүүдийг хамруулан зохион байгууллаа.
Сургалтад хамрагдсан менежерүүд сумандаа очиж, шинэчлэгдсэн дэд системд ямар мэдээллүүдийг хэрхэн оруулж байх талаар багш нартаа сургалт явуулах юм. Ингэснээр багш нар дээрх системийг хэрхэн ашиглах арга зүйг эзэмшиж, өөрийн ангийн хүүхдүүдийн ирц, авсан дүн, чанар, амжилт, хичээлээ ойлгосон байдал, багшийн хичээлээ явуулсан үзүүлэлт, хичээлийн явц зэрэг өдөр тутмын мэдээллүүдийг тогтмол оруулдаг болох ажээ.
2014 оноос боловсролын салбарт хэрэгжүүлж эхэлсэн мэдээллийн нэгдсэн цахим системд сурагчдын статистик мэдээллийг оруулж эхэлснээр сургууль завсардалтаас урьдчилан сэргийлж, олон сургуульд бүртгэлтэй байдаг давхардлыг арилгаж чадсан байна. Харин шинэчлэгдсэн системийг хэрэгжүүлснээр эцэг эхчүүд гар утсандаа “esis” аппликейшнийг татан суулгаж, бүртгүүлснээр хүүхдүүдийнхээ сургалтын өдөр тутмын үйл ажиллагааг хянах боломжтой болох ажээ.
Дундговь аймгийн ерөнхий боловсролын 19 сургуульд 522 багш ажиллах ёстойгоос өнөөдрийн байдлаар 515 багш ажиллаж, 8064 суралцагч сурч байна. Нийт суралцагчдын 50 гаруй хувь нь аймгийн төвийн таван сургуульд, үлдсэн хувь нь хөдөөгийн 14 сургуульд суралцаж байгаа юм.
Алтантогос
Холбоотой мэдээ