“Тогтвортой хөгжлийн үзүүлэлт”-ээр Монгол улс 95 дугаар байрт жагсав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2018-09-07 15:45:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази номхон далайн эдийн засгийн хөгжлийн банк, “Тогтвортой хөгжлийн шийдлийг гаргах сүлжээ”-ний дэмжлэгээр “Тогтвортой Хөгжлийн Зорилтуудын шийдэл” форум өнөөдөр МУИС-ын номын сангийн байранд боллоо.
2016-2030 он хүртэл тогтвортой хөгжлийн 17 зорилт, 244 шалгуур үзүүлэлтийг дэлхийн 198 улс хангана хэмээн амлалт өгчээ. Энэхүү амлалтдаа хүрсэн эсэхээ улс орон бүр хоёр жилд нэг удаа Олон улсын болон НҮБ-д тайлагнах ёстой аж. Манай улс анхны тайлангаа хоёр хоногийн өмнө гаргаж танилцуулсан байна.
Энэхүү форум нь  Монгол улсад анх удаа болж байгаа бөгөөд Зүүнд хойд Азийн улсуудын “Тогтвортой хөгжлийн хүрээлэн”-гийн эрдэмтэд, их дээд сургуулиудын доктор, профессор, иргэний нийгэм болон төрийн байгууллагын төлөөлөл оролцож байна. Тус хурлаар улс орон бүр өөр өөрийн тулгамдсан асуудлаа ярилцаж, харилцан туршлага солилцдог бөгөөд Япон, Солонгос, Хятад улс хэрхэн тогтвортой хөгжлийн зорилтууддаа амжилттай хүрсэн туршлагаа хуваалцаж, цаашид ямар чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэв.Манай орны хувьд Тогтвортой хөгжлийн зорилтуудын нийгмийн талаасаа гол анхаарах салбар нь  эх хүүхдийн эрүүл мэнд, бэлгийн замын халдварт өвчний тархалт, эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байгаа нийгмийн эмзэг бүлгүүдэд хэрхэн хүрч ажиллах бусад улс орны сайн туршлагыг нэвтрүүлэхээр судалж байна.
Улс орнууд тогтвортой хөгжлийн зорилтдоо хэрхэн биелүүлж буйг эрэмбэлж хурлын үеэр танилцуулсан байна. Энэ талаар “Тогтвортой хөгжлийн хүрээлэн”-гийн эрдэмтэн нарийн бичгийн дарга А.Солонгоос тодруулахад,
“Улс орнууд тогтвортой хөгжлийн үзүүлэлтээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэр ололт амжилттай байсныг эрэмбэлэхэд манай улс 95-д жагссан. Тогтвортой хөгжлийн 17 зорилт, түүнийг хэмжих 244 индикатор үзүүлэлт байдаг. Үүнээс 87 үзүүлэлтийг сонгон авч дэлхийн 156 улсыг жагсаасахад ийнхүү эрэмбэлэгдсэн нь дундаж үзүүлэлт юм. Харин манай хоёр хөрш болох Хятад, Орос улс дээгүүрт бичигдэж байна. Энэхүү шалгуур үзүүлэлтэд Монгол Улс анх удаа оролцлоо” гэв.
 
 
Б.Янжиндулам

Холбоотой мэдээ