Ургац хураалтын ажил өнөөдрөөс жигдэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-09-10 18:55:26
Увс /МОНЦАМЭ/. “Энэ жил улсын хэмжээнд 497 мянган га талбайд тариалалт хийснийг өмнөх жилтэй харьцуулахад ойролцоогоор 2 дахин их ургац хураан авах төлөвтэй байгааг ургацын урьдчилсан балансаар тогтоогоод байгаа. Харин Увс аймаг өмнөх жилийн ургацаа хэд дахин давуулан биелүүлэх хэмжээний ургац хураан авахаар тариалалт хийсэн. Үүнийг сүүлийн 20 жил байгаагүйгээр газар тариалангийн салбарт ахиц гарсан гэж онцолж болно. Өнөөдрөөс эхлэж ургац хураалтын ажил жигдэрч байна” хэмээн аймгийн ХХААГ-ын дарга Д.Төмөр-Очир мэдээллээ.
 
Ургац хураалтын ажил энэ сар гарсаар аймгийн хэмжээнд эхэлсэн боловч сүүлийн өдрүүдэд зарим нутгаар хүйтэрч, хур тунадастай байгаа тул ажил удаашраад байсан юм. Увс аймгийн тухайд энэ жил тариалалтын хэмжээгээ нэмэгдүүлснээр га-гаас авах ургацын хэмжээ өмнөх жилүүдээс эрс нэмэгдэнэ гэж мэргэжлийн байгууллага үзэж байна. Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 8998.5 га-д улаан буудай тариалсан бол энэ жил 14210 га-д улаан буудай тариалжээ. Түүнчлэн хадлан бэлтгэлийн тухайд энэ жил 2350 га-д тариалалт хийсний дагуу өнөөдрийн байдлаар 4495 тн ургац хураан авч, ажлын гүйцэтгэл 70 гаруй хувьтай үргэлжилж байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ