Чингис хотод хийн түлшний станц ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 13:47:33

Чингис хотод хийн түлшний станц ашиглалтад орж, нэг литр хийн түлшийг 1300 төгрөгөөр худалдаалж эхэллээ. 

Хэнтий аймагт “Өндөрхаан газ” ХХК 8 жилийн өмнөөс ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хийн түлш худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд энэ удаад тус салбараа өргөжүүлэн албан ёсны зөвшөөрөл, норм, стандартын дагуу хий түгээх төвлөрсөн цэгийг барьж ашиглалтад орууллаа.

Хэнтий аймаг 18 сум, 4 тосгон, 88 багтай бөгөөд 71 мянга гаруй хүн амтай. Тиймээс хүн амын нягтаршил харьцангуй ихтэй хөдөө орон нутгийн төв суурин газруудад хийн түлшний станцтай болох зайлшгүй шаардлага тулгарсан хэмээн бүтээн байгуулагчид дурьдсан юм.

Нэмж сонирхуулахад бензин хөдөлгүүртэй нэг автомашин 1 минутын дотор 1500-2500 литр агаарыг бохирдуулж байна. Автомашины утаанд агуулагдах азотын давхар исэл, нүүрсхүчлийн дутуу исэл, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга зэрэг 260 гаруй төрлийн хорт бодисууд нь бага насны хүүхэд, жирэмсэн эх болон жолооч нарыг илүү ихээр хорлуулж байдаг. Та автомашинаа автогаз уруу шилжүүлснээр жилд ялгарах хорт бодисын хэмжээг 65 хувь буюу 100 кг-аар бодитой бууруулж чадна.

Монгол Улсад анх 1995 онд “НИК” улсын үйлдвэрийн газар ОХУ, БНХАУ-аас импортлож 3тн, 5тн хийн түлш тээвэрлэх автоцистернүүдийг ашиглалтанд оруулж байжээ. Харин Улсын хэмжээнд хий түгээх цэг 25, баллоны агуулах 20 гаруй байна. Хэрэглэгчийн тоо 19 аймагт 15 мянга, хотод 7000 буюу 2000 онтой харьцуулахад 18 дахин өссөн байна.

О.Буянхишиг

Related news