Д.Даянбилгүүн: Даатгалын салбар одоогийн түвшнээсээ 10 дахин өсөх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
ariunzaya@montsame.mn
2018-09-18 16:58:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “БиДиСек” компанийн гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүнээс дараах асуултад хариулт авлаа.


 -Даатгалын салбарын хоёр компани IPO гаргаж олон нийтээс хөрөнгө төвлөрүүлэхээр боллоо. Хөрөнгийн зах зээлд энэ нь хэрхэн нөлөөлөх вэ?


-Хөрөнгийн зах зээлд хөл тавих үүд хаалга санхүүгийн салбарынханд аль эрт нээгдсэн. Энэ боломжийг дээрх компаниуд ашиглаж байна. Даатгалын компаниуд хөрөнгийн зах зээлийн нэг хэсэг  болж буй нь сайн хэрэг. Энэ нь санхүүгийн салбарынхан хөрөнгийн зах зээлд илүү тэлж, хөгжих боломж гэж харж байна. Өөрөөр хэлбэл иргэд даатгалын компанийн хувьцаа эзэмшигч байгаад зогсохгүй эндээс ногдол ашиг хүртэх  боломж бүрдэх юм.  Ард Даатгал компанийн хувьд үүсэн байгуулагдаж үйл ажиллагаа явуулж ирсэн 24 жилийнхээ 23 жилд нь ногдол ашиг  тараасан байх жишээтэй. Ийм компани хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй болж байгаа нь дараа дараагийн компаниудад шинэ жишиг тогтооно. Даатгалаас бусад салбарын компаниуд ч гэсэн ойрын хугацаанд хөрөнгийн зах зээлд орж, олон нийтийн компани болно гэдэгт итгэлтэй байна.


-2018 он гарсаар 6 компани хөрөнгийн зах зээлд IPO гаргалаа.  Иргэд эндээс ямар ашиг хүртэх боломж байгаа бол?


- Хөгжиж байгаа зах зээл гэдгийг хөрөнгө оруулагчид маш сайн анзаарч, ажигласан байна гэж дүгнэж болохоор байна. Өөрөөр хэлбэл хөрөнгийн зах зээлд маш их нөөц боломж байна. Даатгалын компаниуд хөрөнгийн зах зээлийн оролцогч болсноор нэр хүнд, нийгмийн хариуцлага, компанийн засаглал, бүтээгдэхүүн, үйлчилгээнд  ахиц гарах давуу талтай.


Иргэдийн хувьд урт хугацааны хөрөнгө оруулалт хийснээр эндээс илүү өгөөж хүртэх боломж харагдаж байгаа. Богино хугацаанд ашиг олоод гарах хөрөнгө оруулагч бий. Гэхдээ урт хугацааны хөрөнгө оруулалтын өгөөжийг зөвхөн өнөөдрийн өсөл­төөр хэмжих нь тухайн хөрөн­гө оруулагчийн өөрийнх нь сонголт.


 -Ард Даатгал ХК хувьцаагаа 700 төгрөгөөр буюу үндсэн үнэлгээнээс 40 хувиар хямдрууллаа. Олон  нийтэд санал болгож байгаа 700 төгрөг хэр бодитой үнэ вэ?

-Хараат бус аудитын компани  болох “ВDO” тус компанийн үнэлгээг 18.9-20.3 тэрбум гэж үнэлсэн. Үүнийг  “БиДиСек” компани  үнэт цаас гаргагч талтай зөвшилцөөд үнэлгээг 40 хүртэлх хувиар бууруулж, 12.25 тэрбумаар тооцон нэгж хувьцааг 700 төгрөгөөр санал болгосон. Энэ нь олон нийтэд хямд үнээр авах боломжийг бий болгож өгч байгаа юм. Үнэт цаас гаргагчийн давуу тал гэвэл анхны хувийн даатгалын компани бөгөөд Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй гэдгээрээ давуу юм.

Related news