"Зика” вирус мэдрэлийн эмгэг үүсгэдэг

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-03-01 09:53:16

ПАРИС. /ВВС/. “Зика” вирус нь мэдрэлийн хамгийн хүнд өвчнүүдийн нэг болох “Гийена-Барре” өвчнийг үүсгэдэг болохыг шинэ судалгаагаар нотоллоо.

“Зика” вирусийн өмнөх тархалтын үеэр халдвар авсан 42 өвчтөний цуснаас дээж авч, судалгаа хийсэн байна. Уг вирусийн халдвар авснаас 6 орчим хоногийн дараа мэдрэлийн эмгэг үүсэж байсан гэж судлаачид мэдэгджээ.

Шумуулаар дамжин тархдаг уг халдвар нь жирэмсэн эхийн урагт нөлөөлж, тархины гажигтай хүүхэд Төв болон Өмнөд Америкт олноор төрөх болсон билээ. Гэвч уг халдвар нь бусад өвчний эх үүсвэр болж байгаа эсэхийг шинжээчид судалж байна.

“Гийена-Барре” эмгэг нь булчин сулруулдаг бөгөөд ноцтой үед нь амьсгал боогдож, яаралтай тусламж авах шаардлагатай болдог ажээ.

Хоёр жилийн өмнө Номхон далай дахь Францын Полинез арлуудад “Зика” вирусийн халдвар тархах үеэр эмгэгтэй болсон өвчтөний цусанд судлаачид шинжилгээ хийжээ. Уг судалгаагаар, “Зика” вирусийн халдвар авсан 4000 хүн тутамд нэг “Гийена-Барре” эмгэгтэй хүн байх магадлалтай гэж таамагласан байна.

"Зика"-тай өвчтөнүүдийн биеийн байдал өргөн тохиолддог “Гийена-Барре” эмгэгтэй хүнээс илүү хурдан муудах хандлагатай боловч өвчний хүнд үеийг давсны дараа хурдан эдгэрэх боломжтой гэж Парис хотын Пастер хүрээлэнгийн профессор Арнауд Фонтанет мэдэгдэв.

Дээр дурдсан 42 өвчтөн бүгд амьд байгаа боловч тэдний зарим нь халдвар авснаас хэдэн сарын алхаж чадахгүй болсон байна.

Д.Нямтулга

 

Related news