Замын цагдаагийн гүүрэн гарцын зорчих хөдөлгөөнийг 10 дугаар сард нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-02 15:10:01
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд өрнөж буй авто замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэлийн талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн А.Оргилсайханаас тодрууллаа.  


-Нийслэлийн хэмжээнд энэ онд ашиглалтанд орох авто замын ямар бүтээн байгуулалт өрнөж байна вэ?

-Энэ оны 11 дүгээр сарын сүүлээр Налайхын 20.9 км авто замыг, 10 дугаар сард Замын цагдаагийн урд уулзвар, гүүрэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна. Сонсголонгийн шинэ гүүр барих ажил дуусаж, наадмын өмнөхөн ашиглалтад оруулсан. Харин хуучин гүүрний засвар, шинэчлэлтийн ажил долоодугаар сарын 16-наас эхэлсэн бөгөөд есдүгээр сард бүрэн ашиглалтад оруулна гэж тооцоолж байна. Газар чөлөөлөх ажлын улмаас сунжирч байсан Хайлааст, Дарь-Эхийн 1.4 км авто замын ажлын төлөвлөгөө 90 хувьтай, наймдугаар сарын дундуур ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.


-Налайхын замын ажлын явц ямар хэмжээнд байна вэ?

-Тус 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил өнөөдрийн байдлаар, 35 хувьтай байна. Төлөвлөгөөний дагуу 38 ширхэг ус зайлуулах хоолой, гурван нүхэн гарц болон хөлийн голын гүүрийн ажил хийж байна. Одоогоор ус зайлуулах хоолой болон нэг нүхэн гарц барих ажил бүрэн дууссан. Цаг агаарын улмаас ажил төлөвлөгөөнөөс бага зэрэг хоцорсон ч үндсэн ажлаа нөхөж амжсан. Даланг дүүргэх, тэгшлэх ажил 70 гаруй хувьтай байна. Замын тоноглолыг ирэх онд хийх ч зорчих хөдөлгөөнийг 11 дүгээр сард нээх юм. 



-Налайхын зам ямар стандарт, шаардлага  хангаж байгаа вэ?

-Хотын дарга замын ажлыг түргэвчлэх чиглэл өгсөн ч технологийн горимийг алдагдуулахгүйн тулд инженер, технологийн ажил нарийн хийгдэж байна. Энэ зам нь хоёр урсгал, дөрвөн эгнээтэй бөгөөд замын зорчих хэсэг нь 3.75 метр, хоёр талаараа 2.7 метр дугуйн замтай, суурьтайгаа алслалт нь 10 см-ийн зузаантай, олон улсын стандартад нийцсэн зам байх юм. Мөн авто замын голоор тусгаарлах зурвас бүхий гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөсөн.


-Замын цагдаагийн уулзварын ажлын биелэлт хэдэн хувьтай байгаа вэ ?

-А,В,С рамп болон дунд голын гүүр, инженерийн шугам сүлжээ зэрэг ажил гүйцэтгэнэ.Өнөөдрийн байдлаар,  нийт ажлын гүйцэтгэл 72 хувьтай байна. Замын цагдаагийн гүүр нь 1170 метр, авто зам нь 2540 метр урттай 4 эгнээ байх юм. Түүнчлэн замын ойролцоох явган хүний гүүр, авто замын гэрэлтүүлэг, ус зайлуулах байгууламж зэрэг тохижилт хийж байна. Хотын удирдлагууд замын бүтээн байгуулалтын асуудалтай танилцан холбогдох газарт нь үүрэг даалгавар өгсөн. Ус зайлуулах хоолой байгуулахад газар чөлөөлөх асуудал үүсээд байна. Үндсэн гүүрийн замын хөдөлгөөнийг 10 дугаар сард нээнэ. 

Ш.Мөнхбаяр

Related news