Т.Батцэцэг: Боао форум Монгол Улсыг гадаадад сурталчлах том боломж

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-13 14:13:16
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн төлөөх Боао форумын Бага хурал энэ сарын 19-21-нд Улаанбаатар хотноо болно. Бага хурлын талаар товч мэдэллийг ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Т.Батцэцэгээс тодрууллаа.


- Азийн төлөөх Боао форумын Бага хурал анх удаа Улаанбаатар хотноо болох гэж байна. Боао форумын түүхээс товчхон танилцуулаач?

- Давосын дэлхийн эдийн засгийн форумын жишгээр Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцэх форум байгуулах санаачилгыг 1990-ээд оны сүүлээс Азийн нөлөө бүхий улс төрчид дэвшүүлсэн. Манай улс зэрэг Азийн 26 орон уг санаачилгыг дэмжсэнээр Азийн төлөөх Боао форумыг 2001 онд байгуулсан. 2002 оноос хойш жил бүр зохиож буй форумын жил бүрийн уулзалтад манай төр, засгийн удирдлага тогтмол, идэвхтэй оролцож ирлээ. Хамгийн сүүлд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны уулзалтад оролцож үг хэлсэн. Азийн эдийн засгийн асуудлаар төр, засгийн албаны хүмүүс, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчдийн түвшинд санал бодлоо чөлөөтэй солилцдог энэ форумын уулзалтыг Монголд зохион байгуулах санаачлагыг Гадаад харилцааны яам дэмжиж, холбогдох байгууллагуудтай хамтран бэлтгэл хангаж байна. 


-Энэ удаагийн Бага хурлыг яагаад манайд зохион байгуулахаар сонгов. Манайд болж байгаа нь ямар ач холбогдолтой вэ?

-Боао форумын төв БНХАУ-ын Хайнань мужийн Боаод байрладаг. Жилийн уулзалт зэрэг гол үйл ажиллагаа Боаод болдог. Гэхдээ сүүлийн жилүүдэд үйл ажиллагааны хэлбэр, хүрээ нь тэлж буйтай холбоотойгоор Азийн орнууд төдийгүй бусад оронд зохион байгуулдаг болж байгаа юм. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд форумыг манай улсад зохион байгуулах санаачлагыг дэмжсэн. Бага хурлын үеэр Ази тивийн орнуудын эдийн засгийн хөгжилтэй холбоотой өргөн хүрээний асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ манай улсын хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн цаашдын төлөв зэрэг асуудлыг хэлэлцэх тусгайлан хэлэлцүүлэг хийж, ГХЯ, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газрын удирдлага Монгол дахь бизнесийн боломж орчин нөхцлийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийнэ. Манай бизнес эрхлэгчид гадаадын оролцогчидтой шууд хэлхээ холбоо тогтоох бизнесийн уулзалтууд бас болно. Дүгнээд хэлбэл Монгол улсыг гадаадад сурталчлан таниулах томоохон боломж юм. 


- Ямар сэдвийг онцолж ярилцах бол?

-Боао форумаар Ази тивийн эдийн засгийн асуудлыг голлон хэлэлцдэг. Гэхдээ өнөөгийн нөхцөлд улс төр, аюулгүй байдал, байгаль орчин зэрэг бусад чиглэлийн асуудлууд ч эдийн засгийн хөгжилд нөлөөлөх болсон. Тиймээс эдийн засаг болон холбогдох асуудлыг цогц байдлаар хэлэлцэнэ. Энэ удаагийн Бага хурал “Шинэ эрин үе дэх хамтын ажиллагааны төлөөх уялдаатай үйл ажиллагаа” гэсэн ерөнхий сэдвийн дор болно. 


- НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн зэрэг зочид төлөөлөгчид оролцох урьдчилсан мэдээ байгаа. Өөр ямар хэмжээний зочид хүрэлцэн ирэх вэ? 

-Эдүгээ Боао форумын даргаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн ажиллаж байгаа. Тэрээр Боао форумын төлөөлөгчдийг ахлан оролцоно. Мөн НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсия Алишахбана Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар анх удаа манай улсад айлчилна. Энэ хүрээнд Боао форумын хуралд оролцож, илтгэл тавина. Өндөр түвшний албаны хүмүүсээс гадна олон орны бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, эрдэмтэн судлаач зэрэг 300 гаруй хүн оролцох юм.

Related news