Иргэдэд хэрэглэгчийн эрх ашгийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙЗасгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Хэрэглэгчийн хяналтын хуудас”-ыг сурталчлах арга хэмжээг зохион байгуулж байна.
Энэ нь аюулгүй байдлыг хангахад хэрэглэгчийн хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд хууль тогтоомжийг сурталчилах зорилгоор гаргасан 14 чиглэл бүхий хуудас юм.
Үүнийг олон нийтэд таниулахын тулд “Хэрэглэгчдийн хөгжил” нээлттэй хаалганы өдөрлөгийг Онцгой байдлын газар, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн салбар зэрэг байгууллагуудтай хамтран аймгийн төвийн Спортын ордонд зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр иргэдэд хэрэглэгчийн эрх ашиг, аюулгүй байдлын талаар зөвлөгөө өгч, “Хэрэглэгчийн хяналтын хуудас”, хяналт шалгалтын ил тод байдлыг хангах “Шилэн хяналтын цахим систем”-ийн талаар, хуванцар савны зөв хэрэглээний тухайд мэдээлэл хийсэн байна.
Мөн “Хэрэглэгчийн хяналтын хуудас сурталчилах өдөрлөг”-ийг аймгийн “Арцат богд трейд” худалдааны төвд зохион байгууллаа. Энэ үеэр “Хэрэглэгчийн хяналтын хуудас”-ыг ашиглан хэрэглэгч нь үүсч болох аливаа эрсдэлийг тооцон сонголтоо зөв хийх, үйлчилгээний байгууллага үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах талаар зааварчилга, зөвлөмж өгсөн юм.
“Хэрэглэгчийн жил”-ийн хүрээнд Мэргэжлийн хяналтын газраас хэрэглэгчдийн хяналт хариуцлага, мэдлэгийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний хөнгөн шуурхай байдлыг хангах зорилт тавин ажиллаж байгаа аж.
Өвөрхангай Б.Батчимэг