“Samsung” шинэ ухаалаг гар утаснуудаа танилцуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2021-01-15 12:22:33

МОСКВА. /TASS/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани пүрэв гарагт “Galaxy S21”, “S21 +” болон “S21 Ultra” гэсэн ухаалаг гар утасныхаа гурван шинэ загварыг танилцууллаа. Бүх загвар нь нэг платформ дээр бүтээгдсэн бөгөөд хөдөлгөөнт холбооны тав дахь үеийн сүлжээг дэмждэг байна. 


Өдгөө хүмүүс алсаас ажиллаж, гэртээ илүү их цагийг өнгөрүүлж байгаа учраас компани нь мультимедиагийн хамгийн өндөр шаардлагад нийцсэн ухаалаг гар утас бүтээхийг хүссэнийг “Samsung” компанийн ерөнхийлөгч бөгөөд хөдөлгөөнт харилцаа холбооны салбарыг хариуцсан захирал Тэ Мүн Ро онцоллоо. "Бид мөн сонголт ямар чухал ач холбогдолтойг ялангуяа өнөө цагт ойлгож мэдэж байгаа тул “Galaxy S21” цуврал загвар нь хэрэглэгчдэд өөрсдийнх нь хэв маяг, хэрэгцээнд тохирсон төхөөрөмжийг сонгох боломж олгоно" гэж тэрбээр нэмж хэлэв.


“Galaxy S21” ухаалаг гар утас нь 6.2 инчийн “120Hz Dynamic AMOLED 2X Infinity-O” ухаалаг, хялбаршуулсан дэлгэцтэй бөгөөд илүү жигд гүйлгэж, контентыг үзэх боломжтой. “Galaxy S21+” загвар нь “Galaxy S21”-тэй ижил үзүүлэлттэй 6.7 инчийн дэлгэцтэй, мөн хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн батерейтай байна. Хоёр загвар хоёулаа хиймэл оюун ухаан бүхий гурвалсан камертай, мөн “Exynos 2100” процессортой, 8 GB-ын RAM, 128 GB/256 GB-ын дотоод санах ойтой ажээ.


“Galaxy S21 Ultra” загвар нь “Galaxy S21” цуврал дотроо хамгийн том хэмжээтэй нь юм. Уг ухаалаг гар утсанд суурилуулсан бүх камер нь 4K форматаар нэг секундэд 60 зураг дарах чадалтай байна. Түүнчлэн 100 дахин ойроос харах боломжийг олгодог “Space 100X ZOOM” камер нь өндөр мэдрэмжтэй “hybrid optical zoom” линзтэй тул хол байгаа объектын нэг ч жижиг деталийг орхилгүйгээр чанарын өндөр түвшинд зураг авдаг аж.


Шинэ загварууд мөн хувийн нууцлалыг хадгалах шинэ хэрэгсэлтэй болсон бөгөөд зураг байршуулахаасаа өмнө байршлын мета өгөгдлийг аюулгүйгээр устгаж болно.


“S21 Ultra”, “S21+” загварууд нь хэт өргөн зурвасын (UWB) технологитой болсноор ухаалаг гар утсаараа автомашиныхаа хаалгыг автоматаар онгойлгох боломжтойг “Samsung” мөн онцолсон байна. Үүнээс гадна эдгээр загвар нь алдагдсан эд зүйлсээ хайж олоход туслах хүсэлтийг “Galaxу” загварын бусад ухаалаг гар утас хэрэглэгчдэд мессежээр илгээдэг “AR Finder” функцтэй болжээ.


Related news