Цар тахлын улмаас сургуулиуд хичээлийн жилийн гуравны хоёрт хичээллээгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
khulan@montsame.gov.mn
2021-01-25 15:56:11

ПАРИС. /NHK/. Цар тахлын улмаас дэлхий дахины сургуулиуд өнгөрсөн оны хичээлийн жилд дунджаар 5.5 сар буюу гуравны хоёр орчимд нь хичээллээгүй байна гэж НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/ мэдээлэв.


Олон улсын боловсролын өдрийг тохиолдуулан “ЮНЕСКО”-гоос ням гарагт танилцуулсан тайланд дурдсанаар, сургуулиудын хичээллэсэн хугацаа бүс нутгаас хамааран нэлээд ялгаатай байжээ. Тодруулбал, Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын сургуулиуд дунджаар таван сар хичээллээгүй бол уг үзүүлэлт Европт 2.5 сар, харин Номхон далайн арлын орнуудад нэг сар байжээ.


Цар тахал дэгдсэнээс хойш нэг жил гаруйн хугацаа өнгөрч байгаа боловч 800 сая гаруй суралцагч буюу дэлхийн нийт сурагч, оюутнуудын тэн хагасаас илүү хувьд сурч боловсроход томоохон сорилт учирсан хэвээр байна гэж “ЮНЕСКО” мэдээлжээ. Түүнчлэн одоогийн байдлаар 31 улсад сургуулиудын сургалтыг бүрэн зогсоогоод байгаа бол 48 оронд хичээллэх цагийг бууруулах юм уу хагас цагаар хичээллэж байгаа ажээ.


Мөн дэлхий дахин цар тахлыг даван туулах тусламжийн багцынхаа дөнгөж 0.78 хувийг нь л боловсролын салбарт зориулж байгаагийн зэрэгцээ энэхүү тусламж цаашид улам буурах төлөвтэй байгааг уг баримт бичигт тэмдэглэжээ. Иймээс “ЮНЕСКО”-гийн тэргүүн Одри Азуле боловсролын салбарыг эн тэргүүнд тавьж, энэхүү салбарт зориулах санхүүгийн тусламжаа нэмэгдүүлэхийг дэлхийн улс орнуудын Засгийн газруудад уриалжээ. 

Related news