Дахин төлөвлөлтийн хүрээнд 6999 айлын орон сууцны ажлыг эхлүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-09-30 18:03:45

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийт 6999 айлын орон сууц барилга угсралтын ажлыг эхлүүлснээс өнгөрсөн онд 588 айлын  орон сууцыг ашиглалтад оруулсан байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 24 байршил 75 хэсэгчилсэн талбайгаас 21 байршлын 57 хэсэгчилсэн талбайд 39 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран барилгын ажлаа эхлүүлжээ. Гэвч  дээрх төслийн ажлын гүйцэтгэл цаг хугацаа, талбайн хэмжээнээс хамааран харилцан адилгүй байна хэмээн нийслэлийн Гэр хороолол, дахин төлөвлөлтийн газраас мэдэгдлээ.

 Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын дарга Д.Баттулга Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчидтэй уулзаж санал бодлоо солилцлоо.

Уулзалтад  төсөл хэрэгжүүлэгч 13 аж ахуйн нэгж оролцов. Өнөөдрийн байдлаар  гэр хорооллын дахин төлөвлөлтийн 1351 нэгж талбар бүхий 78.3 га газрыг гурван талт гэрээний дагуу чөлөөлөөд буй аж. 40 хэсэгчилсэн талбайд ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг батлуулан 12 байршлын инженерийн шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтыг гүйцэтгэж  байгааг хэллээ. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 40.3 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд шинээр 14 байршилд инженерийн шугам сүлжээний зураг төсөл, есөн байршилд автозамын зураг төслийг хийжээ. Түүнчлэн энэ онд шинээр 1800 орчим айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа аж. Тухайлбал өнгөрсөн зургадугаар сард  БЗД-ийн 8 дугаар хороонд 144 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ.

 Б.Заяа

Related news
Comments