ГОВЬ-АЛТАЙ: Залилангийн гэмт хэргийн 72,3 хувь нь цахим орчинд үйлдэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-09-06 12:09:58

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Залилангийн гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна хэмээн тус аймаг дахь Цагдаагийн газраас мэдээлэв.

Тодруулбал, энэ оны эхний найман сарын байдлаар Говь-Алтай аймгийн хэмжээнд 197 гэмт хэрэг бүртгэгдсэн ба үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 буюу 45,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 47 нь залилангийн гэмт хэрэг байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 23 хэргээр буюу 48,9 хувиар өсжээ. 47 хэргийн 34 буюу 72,3 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн тухай холбогдох албанаас танилцууллаа. 

Цахим орчинд үйлдэгдсэн залилах гэмт хэрэг ихэвчлэн фэйсбүүк, мэйл хаягаар нэвтэрч бусдын нэр барин мөнгө залилсан үйлдлүүд байна. Цахим залилангийн үйлдэл нь хэлбэрийн хувьд цахим шуудангийн луйвар, банкны залилан, зээл олгох, үнэгүй бараа өгөх, мөнгө гуйх зэргээр үйлдэгджээ. Иймд иргэд өөрсдийн цахим хаяг буюу мэйл хаяг, фэйсбүүкийн хамгаалалтын нууцлалыг сайн хадгалж, эх үүсвэргүй онлайн дэлгүүрээс худалдан авалт хийхгүй байх, хэн нэгнээс ирсэн мөнгөн тусламжийг сайн нягталж байж шийдвэр гаргаж байхыг анхааруулсан юм. 


Related news