СҮХБААТАР: 2Б ангийнхан Аймгийн тэргүүний уншигч анги хамт олон болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-09-18 15:19:00

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Уулбаян сумын Ерөнхий боловсролын сургуулийн Ж.Мөнх-Од багштай 2Б анги Аймгийн тэргүүний уншигч анги хамт олноор шалгарч, номын баярын өдрийг хамт олноороо зорин ирж, шагналаа гардан авлаа. 

 

Анх нэгдүгээр ангид ороход нь л номд дурлуулах, номтой нөхөрлүүлэх ажлыг эхлүүлсэн. Хүүхдүүд өөрийн мэддэг үлгэрээ нэг нэгэндээ ярьж өгч, дүрийг нь зурж эхэлсэн бол үсгээ үзээд өөрсдөө уншдаг болоод ирэхээр нь жижиг номуудыг уншуулж, ойлгосноо бичиж тэмдэглэх аргад сургасан. Одоо манай анги аймгийн Нийтийн номын сангаас зарласан "Судар эгшиглэн" уралдаанд оролцож байгаа. Заавал унших 20 номынхоо 16-г нь уншиж, хүүхэд нэг бүр тэмдэглэлээ хөтөлсөн.

Ер нь хүүхэд болгон номд дуртай, хайртай байдаггүй. Энэ номыг заавал унш гээд тулгавал хүүхэд мэдээж уншихгүй. Сонирхолтой байлгахын тулд номын хэлэлцүүлэг хийх, уншсан номынхоо баатрын дүрд хувирах, номтой аялал хийх зэргээр хүүхдүүдээ идэвхжүүлдэг. Том номыг хүүхдүүд уншиж чадахгүй болохоор эцэг эхчүүдээ багаар хуваагаад нэг нэг номыг хариуцуулдаг. Ингээд хоорондоо хэлэлцүүлэг хийж, ярилцаж байгаад тэндээс хүүхдүүд ойлгосноо бичиж тэмдэглэдэг. Ном унших, тэмдэглэл хөтлөхөө бид хичээлийн болон хичээлийн бус цагаар хийдэг. Монгол хэлний хичээлийн суралцахуйн зорилттой холбогддог учир харшлах зүйлгүй гэсэн үг. Мэдээж 24 хүүхэдтэй нэг бүрчлэн тулж харьцах амаргүй ч сум, сургуулийн номын санчид болоод эцэг эхчүүд маань биднийг маш сайн дэмжиж хамтран ажилладаг. Мөн энэ удаа ингэж бүгдээрээ ирж шагналаа авахад сургуулийн захиргаа болон сумын ИТХ дэмжлэг үзүүлсэнд баярлаж талархаж байгаагаа илэрхийлье гэж анги удидсан багш Ж.Мөнх-Од ярилаа.

2Б анийнхан "Судар эгшиглэн" төсөлд хоёр дахь удаагаа оролцож байгаа бөгөөд өнгөрсөн жил төслийн хүрээнд зарласан Номтой селфи зургийн уралдаанд хоёрдугаар байрт шалгарч байжээ. Мөн ангидаа номын сан байгуулж, уралдаан тэмцээнүүдэд гаргасан амжилтынхаа шагналаар номын сангаа баяжуулдаг болжээ. Энэ удаад л гэхэд 20 орчим шинэ номоор шагнуулсан байна. 

Related news