ДУНДГОВЬ: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийн тухай танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-03-02 16:38:51
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2023 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийг энэ оны 2 дугаар сарын 9-нөөс цахимаар авч эхэлжээ.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр Мандалговь хотод жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх сургалтыг ЖДҮГ, аймгийн ЗДТГ, ХХААГ, “Хөгжлийн шийдэл” ТББ-аас хамтран зохион байгуулж байна. Тус сургалтаар ЖДҮХС болон Хоршоо хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, төсөл сонгон шалгаруулах журам болон төсөл хэрхэн боловсруулах талаар танилцуулах юм.

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 113 дугаар тогтоолоор баталсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болон ХХААХҮ-ийн сайдын “Хөнгөлөлттэй зээлийн ерөнхий нөхцөл батлах тухай” А/37 дугаар тушаалын дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2023 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийг зөвхөн цахимаар хүлээн авч байгаа ажээ.

Хөнгөлөлттэй зээлийг 5 хүртэл жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй олгох ба зээлийн үндсэн төлбөрийг 12 хүртэл сараар чөлөөлнө.


Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1-т зааснаар "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч" гэж 200 хүртэл ажилтантай, жилийн 2,5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж буюу компани, хоршоо, нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байна.


ЖДҮХС-аас энэ жил дараах салбаруудад хөнгөлөлттэй зээл олгох юм. Үүнд:

1. Хүнсний үйлдвэр:

-Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр;

-Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр;

-Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр;

-Хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэр;

2. Газар тариалан:

-Хүлэмжийн аж ахуй-Мод, жимс, хүнсний ногооны үр үрсэлгээ /Тэрбум мод хөдөлгөөн/;

-Хүнсний ногооны зоорь, газар тариалангийн бүтээгдэхүүний агуулах;

3. Хөнгөн үйлдвэр:

-Оёмол бүтээгдэхүүний үйлдвэр;

-Арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэр;

-Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл;

4. Мал аж ахуй:

-Гахай, шувуу, зөгийн аж ахуй;

-Эрчимжсэн мал аж ахуй;

-Мал эмнэлгийн үйлчилгээ;

Төслийг  энэ сарын 10-ныг хүртэл зөвхөн https://sme.gov.mn/login цахимаар хүлээн авах аж.



Related news