“Стандарт ба хөгжил” хэлэлцүүлгийг орон даяар өрнүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-07 12:49:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чанарын дэд бүтцийн эрх зүйн орчныг олон улсын жишигт хүргэх замаар бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхээр “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлгийг орон даяар өрнүүллээ.


Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр: “Улсын хэмжээнд 16 яам, 21 аймаг, 9 дүүрэгт “Төрөөс стандарт, хэмжил зүйн талаар баримтлах бодлого”, “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөр боловсруулан салбар дундын хамтын ажиллагааг хангахаар өнгөрсөн сарын 27-ноос энэ сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Баримт бичгүүдийн төсөлд төрийн, ТББ, иргэд, олон нийт, сонирхогч талуудын санал авах, хэлэлцүүлэг дуусах дөхсөн. Одоогоор 8 яам, орон нутгийн 20 аймагт хэлэлцүүлэг амжилттай болж, 1000 гаруй төлөөлөл оролцоод байна. Мөн сумдын ЗДТГ, газар, хэлтэс, агентлаг, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, мэргэжлийн холбоодод албан бичгээр төслийг танилцуулж, хөтөлбөрийн төсөлд тусгах санал авч байна” гэв.


Цахим болон танхимаар зохион байгуулсан хэлэлцүүлгээс гарсан саналуудыг үндэсний хөтөлбөрт тусгаж, нэгтгээд 3 дугаар сарын 20-ноос хойш нэгдсэн хэлэлцүүлэгт танилцуулан, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд оруулах аж.

Саналыг mams@masm.gov.mn email хаягаар хүлээн авч байна.

 

Related news