Технологийн салбарын олон улсын шагналыг Монголын хоёр байгууллага хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-03-08 15:00:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Технологийн салбар дахь охид эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх дэлхийн “Women in Tech global” хөдөлгөөнөөс манай улсын “Цахим говь” ТББ болон “ICT” группт Азийн шилдэг санаачилгын шагналыг хүртээжээ.

Энэ талаар өнөөдөр “Шангри-Ла” зочид буудалд болсон технологийн салбарын эмэгтэйчүүдийн “Women in tech: Өөрчлөх цаг” чуулга уулзалтын үеэр мэдээллээ.

Шагналын эзэн Өмнөговь аймгийн “Цахим говь” технологийн сургалт, судалгааны ТББ-ын гүйцэтгэх захирал, багш Э.Эрдэнэсувд:


анай байгууллага НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран сургуулийн дотуур байранд амьдардаг, сумдын охидыг хамруулсан технологийн сургалтын төсөл хэрэгжүүлсэн. Манайх роботын урлан, дугуйлантай, гэр сургалтаас танхимын сургалтад шилжин, өнгөрсөн 7 жилийн хугацаанд нийт 600 хүүхдийг хамруулан сургаад байна. Бүр Улаанбаатар хотоос хүүхдүүд ирж сурдаг. Хичээлийн өртөг өндөр, заах хэрэгсэл тус тусдаа байдаг тул нэг удаа 8-10 хүүхдийг хүлээн авч сургадаг. Манай сурагч хүүхдүүд “Зохион бүтээх цаг”-аараа сурах бичиг дээрх роботыг хараад дарааллын дагуу угсарч программчлахаас гадна өөрсдөө мөн зохион бүтээдэг. Одоо хүүхдүүд маань туслагч робот бүтээх даалгавар аваад ажиллаж байгаа. Монгол хүүхдийн аливаа зүйлийг томоор харж, төсөөлөн бодох чадварыг технологиор дэмжин хөгжүүлж байна.


Монгол хүүхдүүд өнөөдөр дэлхийн хаана ч очиж суралцах боломжтой. Технологийн шийдлээр дамжуулаад эх орондоо хэрэгтэй бүтээн байгуулалтыг хийх бүрэн боломжтойг ойлгуулахыг хичээн ажиллаж байна. Сурган хүмүүжүүлж, чиглүүлэх ажлыг эмэгтэйчүүд, ээж нар их сайн хийдэг. Технологийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсээр байгаа. Бид ХХI зууны залуу монгол иргэнийг нийгэмд, ажил хөдөлмөрт гараад шууд ашиглаж болох тэр ур чадварыг эзэмшүүлэхийн төлөө явж байна. Энд технологи инновац бидэнд тусалж байна" гэж ярив.


Өнөөдрийн “Women in tech: Өөрчлөх цаг” чуулга уулзалтын талаар Women in tech” байгууллагын Монгол дахь төлөөлөгч, зохион байгуулагч  Н.Энхсайханаас тодруулбал, "Технологийн салбар дахь монгол эмэгтэйчүүдийн оролцоо жилээс жилд нэмэгдэж байна. Ялангуяа энэ салбарт хувийн хэвшлийн старт-апп компаниуд их боллоо. Мөн Цахим хөгжлийн яамтай болсон.

Манай чуулганд гадаад улс орнуудаас Монголд суугаа 5 улсын Элчин сайд нар ирж оролцлоо. Монголын мэдээлэл, технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог улам дээшлүүлэх шаардлагатай байгаа тухай санал, байр сууриа тэд илэрхийлж, энэ үйл ажиллагаа “Women in tech” хөдөлгөөнөөр дамжуулан олон зуун эмэгтэй, охид бүсгүйчүүдэд хүрч байгааг өндөр үнэлсэн" гэв.

Чуулга уулзалтад Канад улсын Элчин сайд Катрин Э.Ивкоф, АНУ-ын Элчин сайд Ричард Л.Буанган, Энэтхэг улсын Элчин сайд М.П.Сингх, Австрали улсын Элчин сайд Кэйти Смит, Европын холбооны Элчин сайд Аксель Никэйз нар уригдан оролцож, жендэрийн тэгш байдал болон Монгол Улсын охид эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засагт эзлэх байр суурийг бэхжүүлэхэд инновац болон технологийн оролцоо чухал байгаа талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.


Хэлэлцүүлэгт оролцогчид охид, эмэгтэйчүүдийг шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлаг, математикийг хамруулсан боловсрол-сургалтын STEAM салбарт чадавхжуулах нь тэдний амьдралыг өөрчилж, улс орны ирээдүйд үр шимээ тасралтгүй өгнө гэдгийг онцолж байлаа. 


Related news