Хэнтийн “Намрын баяр-2016” үзэсгэлэн худалдаа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-09 16:21:59

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Хэнтий аймгийн “Намрын баяр 2016” үзэсгэлэн худалдаа эхэллээ.

Шилмэл мал, эрүүл хүнс, нэг суурин нэг бүтээгдэхүүн уриатай тус үзэсгэлэн худалдаанд Хэнтий аймгийн  17 сум, 4 тосгоны 300 орчим аж ахуй нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, бичил бизнес эрхлэгчид оролцож байна. Мөн БНХАУ-ын Өвөрмонголын өөртаа засах орны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны нэрт Монгол эмч нар ирж үнэ төлбөргүй эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байгаагаас гадна  худалдааны компаниуд ирж оролцож байгаа юм.

Галшарын адуу, улаан ямаа, Дадал сумын цөцгий, буриад талх, Батноровын тожил хийцийн мөнгөн эдлэл, Дэлгэрхааны Аварга тосны рашаан, Мөрөнгийн цагаан сармис зэрэг нь Хэнтий нутгийн брэнд болсон бүтээгдэхүүнүүд байдаг.

Аймгийн хэмжээнд энэ оны байдлаар 18 сумын малчин өрхөд 3,5 сая мал нутаглаж байна. Нийт 32 мянган га талбайд тариалалт хийснээс 771,5 га-д төмс хүнсний ногоо тариалсан дүн мэдээтэй байна.

Мөн аймгийн нийт эдийн засгийн хэмжээ 340 тэрбум төгрөгийн ДНБ –тай. Үүний 61 хувийг  Хөдөө аж ахуй дангаараа эзэлдэг бөгөөд 27 хувь нь үйлчилгээ, 12,2 хувь нь аж үйлдвэрийн салбар буюу үүнд уул уурхай зонхилдог аж.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Related news