Допингийн шинжилгээний хариуг 48 цагийн дотор мэдэгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-26 14:36:06

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос үндэсний бөхийн допингтой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар ярихдаа, “Жил бүрийн баяр наадмаар бөхтэй холбоотой асуудал үүсдэг боллоо. Наадмаар түрүүлдэг, дараа нь допинг илэрч асуудал яригддаг бол энэ жил допингийн сорьцын шинжилгээг авсан даруй Европ руу явуулахаар төлөвлөсөн. Шинжилгээний хариуг  48 цагийн дотор гаргаж, эргэн мэдэгдэх нөхцөлтэй гэрээ хийж байна” гэлээ.


Харин Үндэсний бөхийн салбар хорооны дарга Н.Мягмар, “Өмнөх жилүүдэд БНСУ дахь МОНАДА буюу Допингийн эсрэг олон улсын байгууллагад сорьцыг хүргэн шинжлүүлдэг байсан. Энэ удаа допингийн шинжилгээний хариуг аль болох богино хугацаанд тамирчдад хүргүүлэхээр ажиллаж байна. Энэ жил ХБНГУ-ын Дрезден хотод байдаг WADA-гийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээг хийлгэхээр ажиллаж байна. Энэ лабораторийн онцлог нь сорьц хүлээж авснаас хойш 48 цагийн дотор сэжигтэй, хэвийн эсэхийг эхлээд гаргаад өгнө. Сэжигтэй хариу илэрвэл цааш нь допингийн ямар төрлийн бодис хэрэглэснийг эцэслэн гаргах шинжилгээг 14-21 хоногт хийх юм. Шинжилгээний сорьцыг лабораторид аль болох хурдан хүргэх шаардлагатай. Долоодугаар сарын 13-ны өдрийн хуваарьт нислэгээр Франкфурт хотод бууж, мөн өдрийнхөө оройдоо Дрезден дэх лабораторид хүргэхээр төлөвлөн ажиллаж байна” хэмээн ярилаа.

Related news