ДОРНОД: Мэнэнгийн тал цөлжилтийн дунд зэрэглэлд багтаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-09-09 11:13:22

Чойбалсан, 2024 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Мэнэнгийн тал цөлжилтийн сул буюу дунд зэрэглэлд багтаж байна. 2010 онд хийсэн судалгаагаар Мэнэнгийн тал нутаг цөлжилтөд нэн хүчтэй өртөж байгааг тогтоож байсан бол 2020 оны судалгаагаар сул түвшинд байна гэж үзжээ.


Дорнод аймаг 123 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Үүний 57 хувь нь цөлжилтөд огт нэрвэгдээгүй, 37.5 хувьд сул, 2.3 хувьд дунд зэргийн цөлжилт мэдрэгдэж эхэлсэн байна. Цөлжилтийг газрын зураг дээр өнгөөр ялган тэмдэглэснээс харвал, Гурванзагал, Дашбалбар, Сэргэлэн, Баянтүмэн, Матад сумын нутгийн ихэнх хэсэг, Мэнэнгийн тал бүхэлдээ, Халх гол сумын зарим хэсэг цөлжилтөд дунд болон сул хэмжээгээр өртжээ.


Сүүлийн жилүүдэд бусад аймгаас олон мянган мал оторлож, бэлчээрийн даац хэтэрснээс үүдэн хойд сумдын нутагт ч цөлжих эрсдэл нүүрлэж эхэлснийг малчид ярьж байна. 


Манай улсын хувьд 1990 оноос цөлжилтийн үйл явцыг үнэлж дүгнэх, зураглах ажлыг хийж эхэлжээ. 

Related news