Эрдэс боловсруулалтын судлаач мэргэжилтнүүд чуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2024-10-17 13:28:16

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. “Эрдэс боловсруулалт-2024” олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал энэ сард болох талаар зохон байгуулагч Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооноос өнөөдөр мэдээллээ.


Бага хурал нь технологи нийлүүлэгчид-үйлдвэрлэл эрхлэгчид-судалгаа шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, түүнчлэн салбарын чиг хандлагыг тодорхойлоход хувь нэмрээ оруулна хэмээн үзэж байна.

Долоо дахь удаагийн энэхүү олон улсын хуралд уул уурхай өндөр хөгжсөн Канад, Австрали, АНУ, БНХАУ тэргүүтэй орны судлаач, мэргэжилтнүүд оролцох бөгөөд урьдчилсан байдлаар дотоод, гадаадын нийт 200 гаруй төлөөлөл нэгэн дор чуулахаар болжээ. 

Хурлаар ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах үйлдвэрлэлд хэрэглэж буй шинэ технологиудыг танилцуулж, практикт нэвтэрсэн дэвшилтэт техник технологи, программ хангамжуудыг нутагшуулах боломжийг эрэлхийлэх, харилцан мэдлэг, туршлага солилцох аж.


Тодруулбал, эрдэс боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, төр засгийн байгууллагууд, их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаачид, ханган нийлүүлэгчид, лабораториуд, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллагын төлөөлөл оролцож салбарын техник, технологийн шинэчлэл, баяжуулах үйлдвэрүүдийн сайн туршлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, туршилт судалгааны ажлын үр дүн, хууль эрхзүй, татвар зэрэг эрдэс боловсруулалтын салбарын асуудлаа хамтдаа хэлэлцэх юм.

Related news