ДУНДГОВЬ: Аймгийн Засаг даргаар С.Мөнхчулууны нэрийг дэвшүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2024 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-ын 9
дэх удаагийн анхдугаар хуралдаанаар аймгийн ИТХ-ын даргаар Ж.Мөнчулууныг
сонгож, Засаг даргаар С.Мөнхчулууны нэрийг дэвшүүлэн, Монгол Улсын Ерөнхий
сайдад өргөн мэдүүлэхээр боллоо.
Жамбалсүрэнгийн
Мөнхчулуун эрх зүйч мэргэжилтэй, бакалавр, төрийн захиргааны удирдлагын
магистр цолтой. 2006 оноос Дамно ХХК болон “Н Эй Би” ХХК-д мөн хуулийн зөвлөх,
Дундговь аймгийн МАН-ын хорооны дэд дарга, аймгийн Засаг даргын орлогч, Намын
хорооны даргаар ажиллаж байсан. 2004 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын
хөдөөгийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа.
Тэрбээр 2012 оноос аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 4 дэх удаагаа сонгогдсон, аймгийн Оюутан залуучуудын холбооны тэргүүн, тэргүүлэгч, нарийн бичгийн дарга, МАН-ын бага хурлын гишүүн, НАМОХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч, НАМЗХ-ны тэргүүнээр тус тус сонгогдон ажиллаж байжээ.
Самданнямын Мөнхчулуун механик
инженер мэргэжилтэй, бакалавр, төрийн удирдлагын магистр, Удирдлагын
академийн докторант. ХБНГУ-д улс төр, түүхийн чиглэлээр суралцсан. Металлургийн
инженер, мэргэшсэн инженер зэрэгтэй.
2009 оноос Нийслэлийн
өмчийн харилцааны газарт бүртгэлийн мэргэжилтэн, тус байгууллагын Төр, хувийн
хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч,
тэргүүлэгч, нийслэлийн ИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга,
МАН-ын бүлгийн дарга, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын ТУЗ-ийн дарга,
Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө
газрын даргаар ажиллаж байсан. 2023 оноос Эрдэнэс монгол ХХК-ний ТУЗ-ийн
дэргэдэх Дотоод аудитын албаны ерөнхий аудитороор ажилласан.
Түүнчлэн Сонгино хайрхан
дүүргийн МАХН-ын хорооны дэд дарга, МАН-ын бага хурлын гишүүн, Нийслэлийн
МАН-ын хорооны гишүүн, дэд дарга, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр
ажиллаж байгаад 2024 оны 9 дүгээр сарын нэгнээс Дундговь аймгийн МАН-ын хорооны
даргаар сонгогдон ажиллаж байна.