Зэсийн баяжмалын үнэ биржийн арилжаанд эрсдэл дагуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2024-12-25 14:10:34

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Манай улс 2024 оны 4 дүгээр сарын 29-нд зэсийн баяжмалыг биржийн худалдаагаар цахимаар арилжиж эхэлсэн нь энэ оны онцлох үйл явдлын нэг байлаа.


Зэсийн баяжмалын анхны худалдагчаар бүртгүүлж, анхны гэрээг байгуулсан Монголын эрдэс баялгийн төлөөлөгч нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ юм. Өнгөрсөн хугацаанд зэсийн баяжмал арилжих 8 удаагийн захиалгыг Монголын Хөрөнгийн биржид хүргүүлжээ. Нийт дүнгээр 24.000 тонн зэсийн баяжмал арилжаад байна.


Тус үйлдвэр нийт баяжмалынхаа 5 хувь буюу 30 мянган тонн, ирэх жил энэ хэмжээгээ хоёр дахин их буюу 10 хувийг биржээр арилжахаар төлөвлөж байгааг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын дарга Г.Ёндон мэдээлсэн.

Гурван удаагийн арилжаа цуцлагдсан. Үүний нэг нь өмнө нь амжилттай хийсэн арилжааны гэрээний хэрэгжилт дуусгавар болсон, хоёр дахид худалдан авах санал гаргагч гэрээ байгуулахаас татгалзсан, эцэст нь дуудлага худалдаанд худалдан авагч оролцоогүй зэрэг шалтгаанаар цуцлагджээ.




Сүүлийн саруудад ерөнхийдөө Хөрөнгийн биржээр хийх зэсийн баяжмалын цахим арилжаанд худалдан авагч оролцохгүй байгааг мэдээлж байна. Үүний шалтгааныг олон улсын зах зээлд зэсийн үнэ буурч эхэлсэн үед арилжаа явагдахад худалдан авагч нар зэсийн баяжмалыг өндөр үнээр худалдан авч эрсдэл хүлээх сонирхолгүй байгаатай холбон тайлбарлаж байна.


2024 оны 4-8 болон 10 дугаар сард биржээр арилжсан баяжмалын тооцсон цэвэр зэсийн үнэ арилжаа явагдсан сарын Лондонгийн металлын бирж дээрх зэсийн үнээс 68.15-186.10 ам.доллар өндөр байсан. Зэсийн баяжмал нь эцсийн бүтээгдэхүүн биш тул үнийг урьдчилан хатуу тогтоож худалдах нь арилжаа амжилтгүй болох эрсдлийг дагуулж буйг мэргэжилтнүүд хэлж байна.

Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 102 жилийн ой тохион энэ өдөр зэсийн баяжмалын биржийн арилжааг хөндөв. 

Related news