Үндэсний хиймэл дагуул хөөргөх судалгааг нягталж дуусгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2024-12-25 16:27:23

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Үндэсний хиймэл дагуул төслийг УИХ-ын ирэх хаврын чуулганд өргөн барихад Монгол, Франц улсууд бэлтгэлээ сайн хангахад анхаарч байна.


Энэ талаар ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, хатагтай Коринн Пэрера болон Талес Аления Спейс компанийн төлөөллийг өнгөрсөн долоо хоногт хүлээн авч уулзах үеэрээ ярилцсан юм. Тодруулбал, сайд Ц.Баатархүү, “Үндэсний хиймэл дагуул төслийн ТЭЗҮ-ийг шинэчилж дууссан, МАН-ын бүлгийн хуралд танилцуулна. Зээлийн хэлэлцээг Сангийн яам боловсруулж дууссан. Зөвлөх үйлчилгээний компанитайгаа зөвшилцсөний үндсэн дээр тус төслийг УИХ-ын хаврын чуулганаар өргөн барихаар төлөвлөж байна” хэмээв. Тэрбээр, УИХ-ын гишүүд үндэсний хиймэл дагуул төслийн талаар олон янзын бодолтой байгаа ч Засгийн газар тус төслийг урагшлуулах байр суурьтай байна. Иймд УИХ-ын гишүүд төдийгүй олон нийтэд зөв мэдээллийг өгөхөд Францын Элчин сайдын яам хамтран ажиллахыг хүслээ. 


Элчин сайд, Коринн Пэрера, Монгол Улсын төсвөөс  үндэсний хиймэл дагуул төслийн санхүүжилт хасагдсан гэж ойлгосон ч тус төслийн явц урагшлах болсонд талархал илэрхийлэв. Тэрбээр Францын Засгийн газар төслийг бүрэн дэмжиж байгаа, Талес Аления Спейс компанитай хамтран олон нийтэд зөв мэдээлэл өгөх үйл ажиллагааг ирэх нэгдүгээр сард зохион байгуулна. Иймд үндэсний хиймэл дагуул төслийг урагшлуулахад Францын Засгийн газар, ЭСЯ, Талес Аления Спейс компани бүх хүчээ дайчлан ажиллана гэдгээ уламжилсныг ЦХИХХЯ мэдээлжээ. 

Related news