ГОВЬ-АЛТАЙ: "Мөнгөн шаглаа" ганган хос шалгаруулах уралдаан болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай, 2025 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Говь-Алтай 80+” эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд иргэд, олон нийтийн амралт, эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор “Мөнгөн өвөл” мөсний баярыг зохион байгууллаа.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг мөсний баярын үеэр “Мөнгөн шаглаа” ганган хос шалгаруулах уралдааныг тус аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас санаачлан зохион байгуулсан юм. Монгол түмний соёлын өв, үндэсний хувцас, хэрэглэл тэр дундаа өвлийн улирлын онцлогийг шингээсэн өдөр тутмын болон гоёлын хувцас, эдлэл, хэрэглэлийг олон нийтэд сурталчлах, хэрэглээг нэмэгдүүлэх, залуу, хойч үедээ өвлүүлэх, бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор уралдааныг зохион байгуулжээ.
Уралдааныг зохион байгуулснаар үндэсний хувцасны онцлог, хэрэглээ, утга бэлгэдэл, ач холбогдол, үндэсний хувцасны соёлоор дамжуулан гоо зүй, ёс зүйн боловсрол, хүмүүжил олгох, үндэсний хувцсыг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх, залуу, хойч үедээ бахархах үзлийг бий болгох үүний сацуу иргэдийн гар дээрх соёлын үнэт өв болох эдлэл, хэрэглэлийг олон нийтэд сурталчлах, үндэсний хувцас, эдлэл, хэрэглэлийн хэрэглээг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой гэдгийг аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас мэдээллээ.
Ганган хос шалгаруулах уралдаанд нийт 32 байгууллага, иргэдийн төлөөлөл оролцсоноос:
Нэгдүгээр байрт: “Хантайшир-Эрдэм” өргөө цэцэрлэгийн хос,
Хоёрдугаар байрт: Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хос,
Гуравдугаар байрт: Мал эмнэлгийн газрын хос
Дөрөвдүгээр байрт: Хөдөө, аж ахуйн газрын хос эхний дөрвөн байрт шалгарсан юм.