ГОВЬ-АЛТАЙ: Эрчим хүчээр найдвартай хангах цэнэг хуримтлуурын станцыг ашиглалтад оруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. “Алтай-Улиастай эрчим хүчний систем” ТӨХК хэрэглэгчдээ найдвартай эрчим хүчээр хангах цэнэг хуримтлуурын станцыг ашиглалтад оруулав.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт “Том нар энержи” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар 110/35/6 кВ-ын “Алтай” дэд станцын 110 кВ-ын хуваарилах байгууламжийн өргөтгөл, 110/10 кВ-ын 12.5 МВА-ын дэд станц, 10 МВт-ын хүчин чадалтай 42 МВт/ц-ын багтаамжтай эрчим хүчний хуримтлуурын барилга угсралтын ажил явагдаж дуусжээ.
Барилга угсралтын ажлыг дууссантай холбогдуулан 12 дугаар сарын 12-ны өдөр улсын комисс ажиллаж, байнгын ашиглалтад оруулсан байна.
Энэхүү цэнэг хуримтлуурын станц ашиглалтад орсноор Алтай-Улиастай эрчим хүчний системийн оргил ачаалалд оролцож, хоногийн бага болон оройн оргил ачааллын зөрүүг бууруулах чухал ач холбогдолтой юм.

Үүний зэрэгцээ “Алтай-Улиастай эрчим хүчний систем” ТӨХК нь төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системээс тусгаарлагдсан тохиолдолд системийг сэргээж хэрэглэгчдийг эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн горимыг тохируулахад оролцох зэрэг чухал ач холбогдолтой төсөл гэдгийг онцлон танилцуулсан юм.