ГОВЬ-АЛТАЙ: Прокурорын байгууллагын үйл ажиллагааг таниулах олимпиад болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-12-16 12:47:51

Есөнбулаг, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Олон нийтэд прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад тус байгууллагын чиг үүрэг, онцлогийн талаар нэгдсэн ойлголт өгөх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор Говь-Алтай аймгийн Прокурорын газар, Боловсролын газар хамтран олимпиад зохион байгуулж байна.


Энэ олимпиад нь сурагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхийн зэрэгцээ бүтээлч сэтгэлгээ, чадварыг хөгжүүлэх, авьяас чадварыг нь үнэлж урамшуулахад чиглэж байна. Мөн элсэлтийн шалгалтад бэлтгэхэд дэмжлэг үзүүлж, цаашлаад чадварлаг хуульч, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, төлөвшүүлэхэд бодит хувь нэмэр оруулах зорилготой юм.


Олимпиадад хамрагдсанаар сурагчид хуулийн байгууллагын үйл ажиллагааг бодитоор ойлгох, хуульч мэргэжлийн талаарх сонирхлоо тодорхойлох, ирээдүйн мэргэжлийн сонголтоо зөв хийхэд чухал ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид онцолж байна. 


12 дугаар сарын 16-ны өдөр болж буй энэхүү олимпиадад 210 сурагч хамрагдаж байна.

Related news