БАЯНХОНГОР: Тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах мэдлэгийг ахиуллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-01-30 15:47:11

Баянхонгор, 2025 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Хүүхдийг ивээх сан Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг нийслэлийн гурван дүүрэг, Баянхонгор, Сэлэнгэ аймагт хэрэгжүүлж байна.

Төслийн хэрэгжилтийн хүрээнд Японы Хүүхдийг ивээх сангийн Боловсролын төслийн менежер Эри Номото болон албаны бүрэлдэхүүн Баянхонгор аймагт ажиллаж, чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

Төсөл "Энхбүрд" Өрхийн эрүүл мэндийн төв, 16 дугаар цэцэрлэгт хэрэгжиж байгаа бөгөөд бага насны хүүхдэд тэгш хүртээмжтэй орчныг бий болгох, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын чадавхыг бэхжүүлэхэд онцгой анхаарч байгаа юм.


Тус төслийн дэмжлэгээр “Хэл ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй” сургалтыг энэ сарын 28, 29-нд Баянхонгор сумын цэцэрлэг тус бүрээс 1 багшийг хамруулан зохион байгуулав. Сургалтаар өрх, сумдын хүүхдийн эмч нар болон сургуулийн өмнөх боловсролын багш нарыг хамруулан хэл ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах дэмжлэг, тусламж, үйлчилгээний арга зүйг дээшлүүллээ. Чадваржсан багш нар цэцэрлэгийн бусад багш нарт сургалтын мэдлэгээ түгээн дэлгэрүүлснээр Баянхонгор сумын цэцэрлэгүүд хэл ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах боловсон хүчнээр бүрэн хангагдаж байна.


Энэхүү чадавхжуулах сургалтыг шат дараатай зохион байгуулж байгаа төдийгүй цэцэрлэгийн багш нарын чадавхыг дээшлүүлж, тусгай хэрэгцээтэй хүүхдийг бага сургуульд дэвшин суралцахад дэмжлэг үзүүлэх ажлыг өрнүүлж байна.



Related news