Фүкүшимагийн уснаас Хятадын мэргэжилтнүүд анх удаа дээж авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ТОКИО, 2025 оны хоёрдугаар сарын 21 /TASS/. Олон улсын атомын эрчим хүчний агентлаг (ОУАЭХА)-ийн хяналтан дор “Фүкүшима-1” атом цахилгаан станцаас далайд асгаж буй цэвэршүүлсэн уснаас дээж авах ажилд БНХАУ-ын мэргэжилтнүүд анх удаа оролцлоо.
АЦС-ын төлөөлөгчдийн хамт Хятад, Франц, Швейцар, Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд хоёрдугаар сарын 19-21-ны өдрүүдэд дээж авсан тухай Японы Гадаад хэргийн яам мэдээлжээ.
Дээжийг АЦС-ын цэвэршүүлсэн уснаас, станцын орчмын далайн уснаас авчээ. Хэмжилтийг ОУАЭХА-ийн ерөнхий захирал Рафаэль Гроссигийн ерөнхий хяналт дор хийсэн байна.
“Фүкүшима-1” станцын цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгаж эхэлсний дараа Японы далайн гаралтай бүтээгдэхүүний импортод тавьсан Хятадын талын хоригийг зөөлрүүлэх эсвэл цуцлах шийдвэрийг гаргахын өмнө Хятадын мэргэжилтнүүд дээж авчээ. Шинжээчдийн түвшинд асуудлыг хэлэлцсэний дараа хоёр улсын Засгийн газрын төлөөлөгчид ийм шийдвэр гаргахад бэлэн гэсэн зарчмын тохиролцоонд хүрсэн байна. Гэсэн хэдий ч Хятадын тал станцын усыг далайд асгаж байгааг эрс шүүмжилсээр байгаа юм.
2011 оны гуравдугаар сард болсон газар хөдлөлт, цунамийн гамшгийн улмаас Японы зүүн хойд нутагт оршдог тус станцад осол гарсан юм. Одоогийн байдлаар цөмийн хайлсан түлшийг хөргөхөд ашигласан 1.34 сая тонн ус хуримтлагдаад байгаа бөгөөд Японы засгийн газар цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг үе шаттайгаар далайд асгах шийдвэрийг 2023 онд гаргасан юм.
Хэдийгээр усыг цэвэршүүлсэн боловч цацраг идэвхт тритий агуулагдсан хэвээр байна. Усыг далайд асгахаас өмнө тритийг далайн цэвэршүүлсэн устай хольж, түүний агууламжийг цацрагаас хамгаалах олон улсын комисс болон Япон Улсын Засгийн газраас тогтоосон аюулгүй байдлын стандартын хэмжээний 1/40, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон зөвшөөрөгдөх хэмжээний 1/7-тэй тэнцэх хэмжээнд хүргэж бууруулж байгаа ажээ.
Related news


