Гадаадад байгаа монголчууд цахимаар саналаа өгөх боломжийг судалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-06 11:25:09

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууд Үндсэн хуулиар олгосон сонгох эрхээ бүрэн эдэлж чадахгүй хэвээр байна.


Иймээс тэдний сонгуулийн идэвх, оролцоог нэмэхээр ЦХИХХЯ олон улсын туршлагыг судалж, Сонгуулийн тухай хуульд цахимаар санал өгөх эрхийг баталгаажуулах, технологийн хүртээмж, цахим дэд бүтцийн бэлэн байдлыг хангахад анхаарч байна. Тухайлбал, өнгөрсөн онд сонгуулийн санал өгөх цахим системийг анх нэвтрүүлсэн Эстони улсын туршлагыг судалсан бол энэ удаа Филиппин улсын сонгуулийн явцыг ажиглаж, туршлага судална. Филиппинчүүд энэ оны сонгуулиа тавдугаар сарын 12-нд цахимаар явуулна. Тус улсын Сонгуулийн хороо 77 улс дахь 1.2 сая иргэнийхээ саналыг өнгөрсөн сарын 13-наас цахимаар хурааж эхэлжээ. Урьдчилсан бүртгэлийг онлайнаар хийж, саналын нууцлалыг хангахын тулд end-to-end шифрлэлт, блокчэйн технологид суурилсан өгөгдлийн хамгаалалтыг ашигласан байна.


Гадаадад амьдарч буй монголчууд 2000 оноос УИХ-ын сонгуульд санал өгөх хүсэлт гаргаснаар 2012 онд саналаа өгөх эрхтэй болсон. Ингэхдээ тухайн орныхоо Дипломат төлөөлөгчийн газар биеэр очиж бүртгүүлэн, санал өгдөг нь төвөгтэй байсан тул сонгуулийн ирц муу байх шалтгаан болжээ. УИХ-ын 2020 оны сонгуульд гадаадад байгаа 4600 монгол бүртгүүлж, 3200 нь саналаа өгчээ. УИХ-ын өнгөрсөн оны сонгуулийн үеэр 80 гаруй улсад ажиллаж, амьдардаг 200 мянга гаруй монгол иргэнийг оролцуулахаар цахимаар анх удаа бүртгэхэд 13 095 иргэн хамрагдсанаас 50 хувь нь санал өгсөн. Үүнийг 2020 оныхтой харьцуулахад, цахим бүртгэл амжилттай болсон ч биечлэн очих байдал нь сонгуулийн оролцоо, идэвхийг багасгажээ.


Дэлхий даяар 2023 оны байдлаар 10 гаруй улс гадаадад байгаа иргэдийнхээ саналыг цахимаар авч зарим нь ямар нэгэн хэлбэрээр туршиж үзсэн байдаг аж. 

Related news