Ураны төслийн мөрөөр Улаанбадрах сумыг зорьсон нь
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулж буй “Бадрах Энержи” компанийн ураны төслийн үйл ажиллагаатай танилцаад ирлээ.
Нэг талаар
Монголд хэрэгжүүлэх эрхээ авсан энэ цагийн нэгэн том төслийн бэлтгэл ажил ямар
байгааг газар дээр нь үзэх, нөгөө талаар Дорноговь аймгийн Улаанбадрах суманд
хүн, мал ураны хордлогод орж, хүн, байгаль экологийн аюул ойрхон болсон гэх нийгмийн сүлжээгээр
байнга шахам тархдаг мэдээлэлд хариу эрж, “Мянга сонсохоор нэг үз” гэдэгчлэн
“Зөөвч-Овоо” ураны төслийг зорьсон юм. Сонирхолтой нь, Улаанбадрах сум аймагтаа
хоёрдугаарт ордог, дэлхийн 30 гаруй улсаас том газар нутагтай атал энэхүү ураны төсөл
нь тус сумын хувьд анхны уул уурхайн төсөл аж.
Ураны төслийн бэлтгэл ажлыг хангаж байна
Тус компанийн 66 хувийг Францын “Орано” групп, 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” компанийн хөрөнгө оруулагч “Орано майнинг САС”-ийн хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээг 2025 оны нэгдүгээр сарын 17-нд байгуулсан. Дорноговь аймгийн нутагт ураны төслийг хэрэгжүүлэх энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ нь “Оюу толгой” төслөөс хойш гурав дахь хөрш оронтой хамтран хэрэгжүүлэх Монгол Улсын хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ, мөн Монгол-Европын холбооны анхны том төсөл юм. Учир нь хамтарсан төслийн үйлдвэрлэсэн уранаар Франц Улс өөрийн эрчим хүчний 80 хувийг хангах төдийгүй Англи, Герман, Итали, Испани, Швейцар, Нидерланд, Люксембург, Бельги зэрэг улсыг ойрын 60 жилийн хугацаанд эрчим хүчээр хангахаар тооцжээ. Энэ агуулгаараа уг төслийг Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн шинжээчид үздэг. Түүнчлэн 34 хувийн энгийн хувьцааг 10 хувийн давуу эрхийн хувьцаа болгож, үлдсэн 24 хувийг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр буюу АМНАТ-аар орлуулан тооцож байгаа нь ногдол ашиг хүлээх, нэмэлт өр үүсэх эрсдэлгүй, монголчууд төсөл эхэлсэн цагаас үр өгөөжийг шууд хүртэж эхлэх боломжийг бүрдүүлснээрээ ач холбогдолтой. 1997 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн тус компани 2006 онд 7000 тоннын нөөцтэй Дулаан-Уул, 2010 онд 93 мянга тонн (нийт 100345 тонн)-ын нөөцтэй Зөөвч-Овоо ураны ордыг тус тус нээн илрүүлсэн түүхтэй.
Манай улсын ураны тогтоогдсон нөөцийн бүртгэл одоогоор 200 мянган тонн орчим байдаг. Энэ нөөцөөрөө дэлхийн ураны нөөцийн 3 хувийг бүрдүүлж, нөөцийн хэмжээгээр дэлхийд 10-т жагсаж байна.

Тэгвэл “Бадрах Энержи” компанийн ураны төслүүдийн тогтоогдсон нөөц Монгол Улсын нийт нөөцийн 50 гаруй хувийг эзэлж байна. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу төслийн “Хувьцаа эзэмшигчдийн гэрээ” болон “Орд ашиглах гэрээ”-нд 2025 ондоо багтааж өөрчлөлт оруулж батлах ёстой. Улмаар үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 2026 онд эхэлж, 2028 оны аравдугаар сар гэхэд Зөөвч-Овоо ордын уурхай үндсэн олборлолтоо эхлүүлж, анхны бүтээгдэхүүнээ гаргасан байхаар төлөвлөсөн. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд 2500 тонн ураны шар нунтаг (манай улс эцсийн бүтээгдэхүүн бус зөвхөн шар нунтаг үйлдвэрлэнэ) үйлдвэрлэх бөгөөд өнөөдрийн тогтоогдсон нөөцөөр эхний ээлжинд 33 жил ажиллахаар тооцож байна. Хөрөнгө оруулалтын гэрээг 20 жилээр байгуулсан ч ураны нөөц шинээр илрээд байвал үйлдвэрийн ажиллах боломж дуустал гэрээний хугацааг сунгаад явна гэсэн үг. Үйлдвэрийн бүтээн байгуулалттай хамт Зүүнбаян-Улаанбадрахын чиглэлд 110 км авто зам, 110 КВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам тавих ажил эхэлнэ гэдгийг компаниас мэдээллээ. Эдгээр бүтээн байгуулалт 2027 оны эхний хагас жилд багтаж ашиглалтад орох төлөвлөгөөтэй юм байна. Төслийн үйлдвэрийг Бүгд Найрамдах Казахстан Улсын KATCO зэрэг уурхайн жишгээр барихаар төлөвлөжээ. Ер нь Улаанбадрах дахь “Бадрах Энержи” ХХК-ийн ураны төслийн бүтээн байгуулалт буюу уран олборлож боловсруулах үйлдвэр, хүхрийн хүчлийн үйлдвэр, техник технологи нь Казахстаны ураны уурхайнуудын жишиг байх юм.
Төслийн анхны хөрөнгө оруулалт 500 сая ам.доллар, нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 1.7 тэрбум доллар байхаар төлөвлөсөн нь манай улсын хувьд өндөр дүнтэй гадаадын шууд хөрөнгө оруулалтад тооцогдож буй юм.
Нийт 33 жилийн хугацаанд ажиллахаар тооцсон төслөөс манай улсын хүртэх нийт
өгөөж нь 5.2 тэрбум ам.доллар байна. “Бадрах Энержи” компани төсөл хэрэгжүүлэх хугацаандаа эдийн засгийн болон нийгмийн өгөөжийг
монголчуудад хүртээж, шинэ ажлын байр болгохын сацуу төслийн хүрээнд ногоон
эрчим хүч болох цөмийн эрчим хүчний үндсэн түүхий эд 68.9 мянган тонн ураны
түүхий эд үйлдвэрлэж, уурхай ажиллах хугацаанд 4 тэрбум тонн
нүүрсхүчлийн хий үйлдвэрлэхээс сэргийлэх аж. Ийм төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажил
хийж байна. Бүх ажил Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан төлөвлөгөөний дагуу
хэвийн үргэлжилж байгааг “Бадрах Энержи” компанийнхан онцоллоо.
“Хувьцаа эзэмшигчдийн гэрээ” болон “Орд ашиглах гэрээ”-нд өөрчлөлт оруулах, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг гаргах, усны судалгаа хийх, Төслийн нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ хийх, цацраг идэвх бодис тээвэрлэх, экспортлох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг ураны үйлдвэрлэл эрхлэхтэй холбоотой олон шинэ ажлыг 2028 оноос өмнө амжуулах шаардлагатай байгаа юм байна.
Ташрамд дурдахад, “Бадрах Энержи”-гийн ураны төслийн талбай Улаанбадрах сумын нутагт бүрэн багтаж байгаа бөгөөд Зүүнбаян нь дамжин өнгөрөх цэг, шаардлагатай бол онгоцны буудал барьж болох нөөц газар аж.






Зөөвч-Овоо ордын ураныг газар доор уусган олборлох технологиор олборлоно
Уурхай гэхээр шороо тоос бужигнаж, том техник холхилдсон тийм л газраар бид төсөөлдөг. Тэгвэл Зөөвч-Овоогийн ураны уурхай энэ төсөөллөөс тэс өөр байх аж. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 2021-2023 онд ашигласан /одоо хаагдсан/ ураны туршилтын үйлдвэртэй танилцахад шороо тоос бужигнаж, том техник холхилдож байсан дүр зураг байсангүй. Уран олборлоход ашиглаж байсан битүүмжилсэн, хамгаалалтын хашаатай цооногууд, хажууханд нь дахиад л харуул хамгаалалт бүхий хашаатай цомхон хими технологийн үйлдвэр. Энгийнээр бол газрын хөрсийг хуулж, ил олборлолт хийхгүй, тодорхой газрын гүнд буй ураны түүхий эдийг тусгай гуурсаар соруулаад шууд үйлдвэрлэлд оруулж, шар нунтаг үйлдвэрлэнэ. Яг ийм жишгээр үндсэн үйлдвэрийг барих аж. Харин хэмжээний хувьд шинэ үйлдвэр нь туршилтын үйлдвэрээс том байх нь мэдээж. Дэлгэрүүлэн тайлбарлахад дэлхий дахинд өнөөдөр ураныг ил, далд, газар доор уусган олборлох гэсэн гурван аргаар олборлож байгаа. Зөөвч-Овоо ордыг газар доор уусган олборлох технологиор олборлож ашиглах юм. Уг арга нь хамгийн сүүлийн үеийн шинэ дэвшилтэт арга ба байгаль орчинд хамгийн ээлтэй, байгалийн унаган төрхийг хэвээр нь үлдээдэг аж. Өнөөдөр дэлхийд олборлолт явуулж буй ураны уурхайнуудын 60 гаруй хувь нь газрын дор уусган олборлох энэхүү аргыг ашигладаг юм байна.
“Зөөвч-Овоо” төсөлд жишиг болгох Казахстанд 13 ураны уурхай энэ аргаар олборлож байгаа ч одоогоор ураны олборлолтын улмаас байгаль орчин, хүн, малын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн тохиолдол гараагүй байна хэмээн төслийн ажилтнууд тайлбарлалаа.
2021-2023 онд “Бадрах Энержи”-гийнхэн уг
аргыг ашиглан туршилтын үйлдвэрлэл явуулж, 10.4 тонн ураны шар нунтгийн түүхий
эд (шар
нунтаг болоход технологийн 1 шат дамжлага дутуу бүтээгдэхүүн) амжилттай олборложээ. 2028 онд үйлдвэрлэл
албан ёсоор эхлэхэд энэхүү туршилтын үйлдвэрлэлээс гаргаж авсан 10.4 тонн
түүхий эдийг цааш нэг шат дамжлага дамжуулан боловсруулах ажил үргэлжилж анхны экспортод
гаргах шаардлага хангасан шар нунтаг бэлэн болох ажээ. Туршилтын үйлдвэрлэлийг
монгол ажилтнууд гардан хийсэн ба нутгийн иргэдээс ч тус багт орж ажилласан
байна. Ийнхүү туршилт амжилттай болсноор газар доор уусган олборлох арга нь Зөөвч-Овоо
ордод хамгийн тохиромжтой, байгаль орчинд бага нөлөөтэй байгааг баталж, үүнд
тулгуурлан төслийн Техник, эдийн засгийн үндэслэл хийж, Хөрөнгө оруулалтын
гэрээг баталжээ.
Уран олборлоно гэхээр хүмүүс Чернобылийн аймшигт сүйрлийн талаар төсөөлдөг. Монголд уранаа олборлоно гэхээр ийм аймшиг нүүрлэх вий гэж айх нь бий. Тэгвэл “Зөөвч-Овоо” төсөлд олборлох гэж буй уран хэр аюултай юм бол? Тус компанийн мэргэжилтнүүдийн тайлбарласнаар олборлох гэж буй шар нунтаг нь ямар ч хор хөнөөлгүй. Тодруулбал, энэхүү шар нунтаг нь атомын цахилгаан станцад хэрэглэдэг анхан шатны түүхий эд юм. Үүнийг атомын цахилгаан станцтай улс авч баяжуулан боловсруулж хэрэглэнэ. Үүнээс гадна экспортлох ураныхаа хог хаягдлыг манай улсад булшлах уу гэдэг асуулт гардаг. Тэгвэл олон улсын эрх зүйгээрээ ураныг ашигласан газар нь хог хаягдлаа булшлах асуудлыг хариуцдаг байна. Өөрөөр хэлбэл, манай улс шар нунтгаа экспортолж байгаа нь атомын станцын хог хаягдлыг булшлах шалтгаан болохгүй. Манай улсын экспортолсон шар нунтгийг Франц улс боловсруулж хэрэглэсэн бол хог хаягдлыг зохицуулах үүргийг тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэсэн атомын цахилгаан станц нь өөрөө хүлээнэ. Энд Монголоос ирсэн шар нунтаг, Казахстанаас ирсэн шар нунтаг гэж ялгах боломжгүй. Тиймээс цөмийн хаягдал Монголд булшлах тухай ойлголт байхгүй аж. Харин ураны үйлдвэрлэлийн үед бохирдсон цацраг идэвхт хаягдлыг /хувцас, техник хэрэгсэл гэх мэт/ тусгай байгууламж барьж стандартын дагуу хадгалах юм. Нөгөө талдаа төсөл хэрэгжих бүс нутагт цацраг идэвхт бодисын хэмжээ хэр их байгаа вэ гэдэг асуудал бий.
Монгол Улсын стандартаар жилд авч болох тунгийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 20.0 m3b/mSv байх ёстой бол цацрагийн хэмжилтээр “Бадрах Энержи”-гийн ураны төслийн бүсийн эргэн тойронд хамгийн их нь 2.43 m3b/mSv, дунджаар 0.9 m3b/mSv байгаа аж. Тэгвэл ураны төслийг дагасан хоёр толгойтой хурга, найман хөлтэй ишиг гарсан гэх мэт яриа хэр үндэслэлтэй вэ. Уран үнэхээр хүн, мал амьтны урагт нөлөөлдөг үү гэх асуулт олон хүнд бий.
Нийгмийн шаардлагад тулгуурлан бодит байдлыг тодруулахаар 2014-2019 онд Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршооноос Улаанбадрах сумын малын эрүүл мэндэд судалгаа хийжээ. Судалгааг хийхдээ ураны ордын тусгай зөвшөөрөлтэй хэсгийн ойролцоо амьдарч буй 15 өрхийн мал, гадна амьдарч буй таван өрхийн малыг хамруулсан байна. Уг судалгааны үр дүнд Улаанбадрах сумын мал сүрэгт тохиолдож буй өвчлөл нь бүс нутгийн малын өвчлөлтэй харьцуулахад ижил байсан аж. Мөн төслийн бүсэд хамрагдсан мал сүрэгт хийсэн ажиглалтаар энэ бүс нутагт малын эрүүл мэндийн онц гойд асуудал байхгүйн дээр төвлөрсөн цор ганц голомт байхгүй гэж тайланд дурджээ. Түүнчлэн тус байгууллагаас 2019 онд ургийн гаж хөгжлийн талаар судалгаа хийсэн ч уранаас хордсон гэх нотолгоо илрээгүй байна. Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршооноос 2023 онд Дорноговь аймгийн Улаанбадрах, Айраг, Хөвсгөл сумыг хамруулан дахин малын эрүүл мэндийн судалгааг хийж гүйцэтгэжээ. Судалгааны үр дүн дээрх гурван сумын мал сүргийн эрүүл мэндийн байдал улсын хэмжээний жишгээс онцгой ялгарах зүйлгүй, мал сүрэг нийтдээ хоол тэжээлийн болон усны дутмагшилд орсон байна гэж гарчээ. Харин ургийн гаж хөгжлийн статистик дүнгээр Дорноговь аймаг улсын хэмжээнд 16-д жагсаж, 2019 оны үзүүлэлт нь бүр сайжирсан байна.
Улаанбадрах сумын малчин Б.Нэргүйбаатар, “Хүмүүс янз бүрээр л ярьдаг юм. Гэхдээ би итгэдэггүй. “Бадрах Энержи”-гээс зохион байгуулсан хурал, сургалтад ганц хоёр удаа сууж үзсэн. Сургалтаар ураны талаар ямар ч ойлголтгүй хүнд олон талын мэдээлэл өгдөг. Үнэхээр хор хөнөөлгүй бол олборлож байхад яах вэ дээ. Үр шимийг нь нутгийн иргэд бид л хүртэнэ шүү дээ. Нутаг орондоо өгөөжтэй бол эсэргүүцээд байх шаардлага алга. Өнгөрсөн хугацаанд иргэдийг турхирах оролдлого хэд хэдэн удаа гарсан ч үр дүнд хүрээгүй. Манай суманд ер нь яг эсэргүүцээд сүйд болдог хүн байдаг юмуу даа. Би лав дуулаагүй, сонсоогүй. Харин Улаанбаатар хот болон бусад аймаг, сумаас хүмүүс ирээд зохион байгуулалттай үймүүлээд байх шиг санагддаг даа” хэмээн ярилаа.



Ураны төсөл дээр ажиллах боловсон хүчин бэлэн үү?
“Бадрах Энержи” компанид өнөөдрийн байдлаар 150 гаруй ажилтан, албан хаагч ажилладаг аж. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу төслийн бүтээн байгуулалт 2026 онд эхэлж, 2028 онд үйлдвэр ашиглалтад ороод эхний ураны шар нунтгаа гаргаж, экспортолж эхэлнэ. Тиймээс 2026 оноос байнгын болон түр ажлын байр нэмэгдэнэ гэсэн үг. Төслийн хүрээнд Франц болон Европын Холбооны стандартад нийцсэн уран олборлох шинэ техник технологи, ноу хау-г Монгол Улсад нутагшуулж, шинэ төрлийн үйлдвэр барих, нарийн мэргэжлийн, өндөр үнэлэмжтэй 1600 мэргэжилтэн бэлтгэж, монгол иргэдийг чадавхжуулах үүрэг хүлээсэн тус компани юуны түрүүнд “Бадрах академи”-ийг байгуулж, Дорноговь Политехникийн коллежийг түшиглэн боловсон хүчнээ бэлтгэж эхэлжээ. Энд ураны төсөл дээр ажиллах 300 гаруй мэргэжилтнийг бэлтгэж байгаа аж. Хөрөнгө оруулалтын гэрээнд нийт ажилчдын таван хувийг орон нутгаас бүрдүүлэх заалт туссантай ч энэ нь холбоотой юм. Мөн МУИС, ШУТИС-тай гэрээ байгуулж, ирээдүйн ураны төсөл дээр ажиллах геологич, гедрогеологич, механик инженер гэх мэт мэргэжлээр оюутан сургаж байна. Түүнчлэн Франц улсад төсөл хамаатай нарийн мэргэжилтнүүдийг сургаж байгаа аж.
Үүний зэрэгцээ Казахстаны адил төстэй ураны үйлдвэр, уурхайнуудад ажилтнуудаа тогтмол илгээж, дадлагажуулан бэлтгэж байгаа юм байна. Энэ мэтээр ураны төсөлд ажиллах боловсон хүчнийг бэлтгэж байна. Тус компани 2027 оноос ураны үндсэн үйлдвэрлэл дээр ажиллах нэн тэргүүнд шаардлагатай 300 гаруй ажилтнаа авч, улмаар төсөл эхлэхэд шууд 795, шууд бус буюу түр 860 буюу нийт 1600 гаруй ажлын байр бий болгохоор төлөвлөжээ.









“Бадрах Энержи”-гийн 20 жил хэрэгжүүлсэн төслөөр Улаанбадрах сумын сургууль, цэцэрлэг, музей өнгөө засжээ
“Бадрах Энержи” компани нийгмийн хариуцлагын хүрээнд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын боловсрол, эрүүл мэнд, сумын хөгжил цэцэглэлт, байгаль орчинд шат дараатай төсөл хөтөлбөртхэрэгжүүлэх болжээ. Үүний нэг нь 1940 онд нээлтээ хийсэн Ерөнхий боловсролын сургууль юм.

Улаанбадрах сумын ЕБС-ийн захирал Н.Намжилсүрэн ярихдаа, “Манай суманд 2003 онд 240 хүүхдийн суудалтай хичээлийн байр барьж ашиглалтад оруулсан бол 2019 онд улсын төвийн хөрөнгөөр их засвар хийсэн. Тэгвэл дотуур байраа 2011 онд анх ашиглалтад оруулж, үүнээс найман жилийн дараа “Бадрах Энержи”-гийн 164 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар их засвар хийж, иж бүрнээр нь шинэчиллээ. Мөн багш нарын байраа энэ онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр иж бүрэн засварт оруулсан. “Бадрах Энержи” компани боловсролын салбарт маш их хөрөнгө оруулдаг. Хамгийн сүүлд л гэхэд мэдээлэл зүйн кабинетыг иж бүрнээр нь шинэчилсэн. Ер нь таван жил тутамд шинэчлэл хийдэг юм. Энэ хүрээнд кабинетыг гурав дахь удаагаа шинэчиллээ. Ангиудын ширээ сандлыг иж бүрэн шинэчилсэн, сурагчид интернэтэд холбосон орчин үеийн өндөр хүчин чадалтай компьютер дээр хичээлээ заалгаж байна” гэв.
Сумын тодотголтой хэрнээ улсын тэргүүний шилдэг сургууль болтлоо өсөн дэвжсэн энэ сургуулийн хөгжилд “Бадрах Энержи”-гийн оруулсан хувь нэмэр их. 2025-2026 оны хичээлийн жилд 9 бүлэг, 221 сурагч, 17 багш, 12 ажилтантай сургалтын үйл ажиллагааг явуулж байгаа тус сургууль улсын шилдэг менежментэй топ 20 сургуулийн нэг, аймгийн гурван удаагийн шилдэг сургууль, сүүлийн дөрвөн жилд байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээнд 1-4 түвшинд үнэлүүлж, урамшуулал хүртсэнээс гадна 2025 онд Говийн бүсийн шилдэг сургуулиар шалгарчээ. Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Бадрах Энержи” компани сумын боловсролын салбарт олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ. Тухайлбал, сургуулийн засвар, анги танхимуудын ширээ сандал, мэдээлэл зүйн кабинетыг бүрэн тохижуулсан аж. Энэ нь алсалсан сумдын сурагчдын тав тухтай суралцах, орчин үеийн комюпьтер, тоног төхөөрөмж ашиглах боломжийг олгожээ. Мөн багш, сурагчдын дотуур байр, сумын цэцэрлэгийн байрыг 100 хувь засварлаж, тохижуулан хүлээлгэн өгсөн байна.

Энэ талаар “Бадрах Энержи” компанийн Тогтвортой хөгжил, орон нутгийн харилцаа хариуцсан менежер Г.Энхтулга “Манай компани 2006 оноос сум, орон нутаг, үйл ажиллагаа явуулж буй газар бүхэндээ нийгмийн хариуцлагын хүрээнд төсөл хөтөлбөрүүдийг цаг тухай бүрд нь хэрэгжүүлсээр ирсэн. Энэ ажлаа сумын удирдлагууд болон орон нутгийн иргэдтэй хамтарч, харилцан зөвшилцсөний хүрээнд хэрэгжүүлдэг. Төслийн хүрээнд манай компани боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, соёл урлаг, спорт, эдийн засаг, усны хүртээмж, эрчим хүч гэсэн чиглэлээр ажлууд хийж байгаа юм. Үүнээс тэргүүлэх чиглэл нь боловсрол бөгөөд энэ салбарт төсөл хөтөлбөрийнхөө 20-иос дээш хувийг зарцуулдаг. Энэ хүрээнд Ерөнхий боловсролын сургууль, СӨБ болон оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна. Хөтөлбөрийн гол онцлог нь манайхаас тэтгэлэг авсан оюутнууд буцаад сум орон нутагтаа ирж ажиллах үүрэг, амлалт авдаг. Боловсролын салбарт манай компани 20 жилийн турш олон төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Дараа нь эрүүл мэнд салбар орно. Тэгээд спорт, соёл урлаг гэх мэтээр бусад салбарт ч байгуулагдсан цагаасаа хойш хөрөнгө оруулж ирлээ” хэмээн ярилаа.
Улаанбаадрах сумын ЕБС-ийн сургуулийн сурагчид “Мэдээллийн цаг”, “Соёлын өдөр”, “Хүүхэд хамгааллын өдөр”, “Нээлттэй 7 хоног” гэсэн 4 хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлдэг. Ингэснээр сурагчид хөгжих, мэдлэгээ тэлэх, бие даан суралцах, нээлттэй болдог байна.








Эрүүл мэндийн төвийн байрыг засварлаж, лабораторийг тоног төхөөрөмжөөр хангажээ
Гуравхан жилийн дараа түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Эрүүл мэндийн төвд саатлаа. Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 6000 орчим хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тус төвийнхөн сүүлийн гурван жилд дархлаажуулалтад иргэдээ 100 хувь хамруулж, халдварт өвчин бүртгэгдээгүй эх нярай, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэлгүй ажиллажээ. Эмнэлгийн орчин цэвэрхэн тохилог бөгөөд зарим тасгаа орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоногложээ. Хөдөөгийн хүн амд эрүүл мэндийн анхан шатны шатлалын тусламжийг үзүүлэх, дархлаажуулалт, лаборатори, чийрэгжүүлэлт зэрэг кабинетыг шинээр байгуулсан байна. Зарим нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг ч цаг алдалгүй хүргэдэг тухай эмнэлгийнхэн ярилаа. “Бадрах Энержи”-гийнхэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төслийн хүрээнд эмнэлгийг иж бүрэн засварлаад зогсохгүй лаборатори болон гал тогооны тоног төхөөрөмжүүдийг 100 хувь шинэчилж өгсөн байна.

Улаанбадрах сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Нармандах “Манай эмнэлэг 18 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Үүнээс дөрвөн эмч, таван сувилагчтай. Лабораторид цусны гемодиологи болон биохимийн аппаратыг “Бадрах Энержи” компанийнхан хоёр жилийн өмнө авч өгсөн. Тоног төхөөрөмжийн хангамж 70 хувьтай. Нарийн мэргэжлийн эмчгүй. Бүгд зургаан жилээр суралцаж төгссөн анхан шатны эмнэлгийн эмч нар. Санхүүгийн хувьд бага зэрэг дутагдалтай байдаг” гэсэн бол “Бадрах Энержи” компанийн Тогтвортой хөгжил, орон нутгийн харилцаа хариуцсан менежер Г.Энхтулга “Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна яаралтай, онцгой дэглэмийн үед сумын Эрүүл мэндийн төв болон удирдлагуудтай зөвшилцсөний үндсэн дээр санхүү болон эд материалын дэмжлэг үзүүлсээр ирсэн. Цаашид ч шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаар судалж байна” гэв.
“Бадрах Энержи” компани сургуулиа төгсөөд сумандаа ирж ажиллах нөхцөлтэйгээр оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр зарладаг. Тэгвэл энэхүү хөтөлбөрт хамрагдсан мэргэжилтнүүдийн нэг нь Улаанбадрах сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Э.Цэцэгжаргал юм. Түүний хувьд 2017-2024 онд тус компанийн тэтгэлгээр эмч мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд өдгөө хоёр дахь жилдээ төрөлх сумынхаа эмнэлэгт уламжлалт болон зүү төөнүүр, сэргээн засахын их эмчээр ажиллаж байгаа ажээ. Сумын эмнэлэгт ажиллах нь өөрийнхөө чадварыг ахиулах, бие даан шийдвэр гаргах зэрэг олон сайн талтайг тэрбээр онцоллоо. Тус компани 2006 оноос хойш 9.2 тэрбум төгрөгийг орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хөрөнгө оруулжээ. Тухайлбал, боловсролын 146, эрүүл мэндийн 68 төсөл хэрэгжүүлсэн байна. Улаанбадрах сумын 291 өрхийн 2000 гаруй иргэн компаниас хэрэгжүүлсэн төслүүдэд хамрагдсан байна. “Зөөвч-Овоо”-гийн ураны төслийн үндсэн олборлолт эхлэхэд 1.1 сая ам.доллар, цаашид жил бүр 300 мянган ам.долларыг орон нутгийн хөгжилд зориулахаар төлөвлөж буйг Тогтвортой хөгжил, орон нутгийн харилцаа хариуцсан менежер Г.Энхтулга тодотголоо.





Говийн бүсэд 5 сая мод тарина
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аж ахуй нэгжүүд мод тарих амлалт өгсөн. Тэдгээрийн нэг нь Дорноговийн аймгийн Улаанбадрах сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Бадрах Энержи” компани юм. Нийт таван сая мод тарих амлалт өгсөн тус компани өнөөдрийн байдлаар 30 мянга орчим мод тариалжээ. Тус компани говийн бүсийн шаварлаг онцлогтой хөрсөнд ургах боломжтой хайлаас, жигэд, заг, сухай дөрвөн төрлийн модлог ургамлыг өөрсдийн төслийн талбай дахь мод үржүүлгийн газарт тариалан үржүүлж байна. Мөн сум орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, мод тарих үйл ажиллагааг зохион байгуулдаг, модны ургалт 75-85 хувьтай аж. Тухайлбал, Улаанбадрах сумын салхины дээд талын талбайг хашиж мод тарьжээ. Энд улиас, жигэд, сухай, загаас гадна улиас, шар хуас, голт бор зэрэг мод тарьж, элсний нүүдлийг тогтоох хамгаалалтын бүс байгуулж байгаа аж.

“Бадрах Энержи” компанийн байгаль орчны мэргэжилтэн Б.Золбаяр ярихдаа “Манай компани говь, хээрийн бүсэд ургах боломжтой улиас, жигэд, сухай, заг зэргийг голдуу тарьсан. Ялангуяа Улаанбадрах сумын салхины чигийг хаах зорилгоор баруун хойд талаасаа 10 га орчим талбайд ногоон зурвас байгуулж байна. Говийн бүсэд мод тарихад тулгардаг хамгийн том бэрхшээл нь усны асуудал. Усны асуудлаа бүрэн шийдээгүй ч зөөврийн усаар орон нутгаас тогтмол хамтарч, биднийг дэмждэг. Ер нь усны асуудлаа шийдсэн байхад ямар ч мод ургах боломжтой гэж бид дүгнэсэн. Санаачилсан ажлыг сум орон нутгийн удирдлага, ард иргэд маш их дэмжиж ажилладаг. Тиймээс ногоон зурвас байгуулах ажил маань ахицтай яваа. Орон нутгийн иргэдийн дэмжлэг маш чухал” гэлээ.
Ташрамд дурдахад “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 2025 оны байдлаар улсын хэмжээнд 113 сая мод тарьж ургуулсан бөгөөд 2030 он хүртэлх хугацаанд уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүд 608 сая, аймаг, нийслэл 680 гаруй сая мод тарьж ургуулахаар төлөвлөжээ.



