ГОВЬ-АЛТАЙ: Алтай сум импортын баталгаат цахилгаан эрчим хүчинд амжилттай холбогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-12-25 19:35:16

Есөнбулаг 2025 оны 12 дугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Алтай сум 24 цагийн найдвартай, тогтвортой цахилгаан эрчим хүчээр хангагдлаа. 


Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй байсан Говь-Алтай аймгийн Алтай сум. 


БНХАУ-ын Шинжан Уйгарын Өөртөө Засах Орны Хами аймгийн Намын хорооны дарга Сун Таогийн урилгаар Говь-Алтай аймгийн Засаг дарга Гомбосүрэнгийн Чинбатаар ахлуулсан ажлын хэсэг 2025 оны 12 дугаар сарын 23–25-ны өдрүүдэд Хами аймагт ажилласан. 


Тус айлчлалын хүрээнд Алтай сумыг цахилгаан эрчим хүчинд холбох асуудлыг эцэслэн хэлэлцэж, шийдвэрлэсний үр дүнд өнөөдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Алтай сум импортын 24 цагийн баталгаат цахилгаан эрчим хүчинд амжилттай холбогдлоо.


Тус ажлыг БНХАУ-ын Шиньжан Уйгарын Өөртөө Засах Орны Хами аймгийн цахилгаан эрчим хүчний шугам сүлжээтэй 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 36 минутад “АУЭХС” ТӨХК-ийн инженер, техникийн ажилтнууд амжилттай холболоо. Ингэснээр тус сум цахилгаан эрчим хүчний байнгын, тасралтгүй, найдвартай эх үүсвэртэй боллоо.


Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар, Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Насанбуян, аймгийн Засаг дарга Г.Чинбат, “АУЭХС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэдэвсүрэн, Алтай сумын Засаг дарга Г.Гансүх болон албаны төлөөлөл, ард иргэд оролцлоо.


Алтай сум найдвартай, тогтвортой цахилгаан эрчим хүчтэй болсноор тус бүс нутгийн иргэдийн амьдралын чанар, тав тухтай орчин сайжрах, өрхийн орлого нэмэгдэх, ажилгүйдэл буурах, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих, аж ахуйн нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагаа хангагдах зэрэг нийгэм, эдийн засгийн бодит үр өгөөж бий болох сайн талтай.

Related news