ГОВЬ-АЛТАЙ: Төрийн албан хаагчдад 1,6 тэрбум төгрөгийн орон сууцны дэмжлэгийн батламж гардуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг 2025 оны 12 дугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд орон сууцны дэмжлэгийн батламж гардуулах үйл ажиллагаа болов.
Аймгийн Засаг дарга Г.Чинбатын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төрийн албан хаагчийг орон сууцжуулах хөтөлбөр шат дараатай хэрэгжиж буй билээ.
Төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан, нийгмийн салбарын чухал чиглэлд хүчин зүтгэж буй 160 албан хаагчид 1,6 тэрбум орон сууцны дэмжлэгийн батламжийг 12 дугаар сарын 26-нд гардуулсан юм.
Орон сууцны дэмжлэг нь төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллах, амьдрах орчныг сайжруулах, орон нутагт мэргэжлийн боловсон хүчнийг хадгалан ажиллуулахад чухал ач холбогдолтой гэдгийг албаны хүмүүс онцоллоо.