ГОВЬ-АЛТАЙ: Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2026 оны нэгдүгээр сарын 05 /МОНЦАМЭ/. Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр гол, нуурын мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иргэдийн ихээр очдог Тайшир сумын Гэгээн нуурын зах орчмоор 30-35 см, төв хэсгээрээ 25-30 см мөсөн бүрхүүл тогтсон ч зарим хэсэгүд маш аюултай хэвээр байна. Тодруулбал, нуурын толио хэсэг, гол мөрний уртын дагуух бүсүүд, урсгалтай, сэрхэг, харанхуй зүсэр мөс зэрэг эдгээр хэсэгт мөс хүн, мал, авто машин даах хэмжээнд бэхжээгүй байна.
Иймээс иргэд та бүхэнд мөсөн дээгүүр явганаар болон авто машинтай зорчихоос зайлсхийх, хүүхдийг мөсөн дээр тоглуулахгүй байх, мал сүргээ мөсөн дээгүүр тууж гаргахгүй байх, анхаарал болгоомжоо нэмэгдүүлэхийг Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ.