ГОВЬ-АЛТАЙ: Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага энэ сарын 17-ноос эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2026 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт 2026 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага дөрөвдүгээр сарын 17-ноос эхэлнэ.
Тодруулбал, тус аймгийн Засаг даргын гуравдугаар сарын 27-ны өдрийн А/168 дугаар захирамж, Есөнбулаг сумын Засаг даргын А/87 дугаар захирамжаар тус оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулахаар тогтжээ.
2026 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар орох Есөнбулаг сумын 18-26 насны цэргийн зарлан дуудах хуудас хүлээн авсан идэрчүүд дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 09:00 цагт Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн спорт зааланд бэлэн байхыг санууллаа.
Цэргийн зарлан дуудах хуудас хүлээн авсан бэлтгэл үүрэгтнүүд дөрөвдүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд зүрхний бичлэг, цээжний зураг, цусны болон шээсний дэлгэрэнгүй шинжилгээ, хэвлийн чанд авиан оношилгоо, БЗХӨ-ий шинжилгээ, элэгний В, С вирусний шинжилгээг өгөхийг нэмж мэдээллээ.
Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн бүрийг Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ биелүүлэн заасан газар, тогтоосон хугацаанд сумын цэрэг татлага явагдах байранд ирж иргэний үүргээ биелүүлэхийг уриаллаа. Түүнчлэн мэдэгдэл аваад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэрэг татлагаар ороогүй иргэнийг зөрчлийн тухай хуулийн 15.17.1 дэх хэсэг, цэргийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасны дагуу хуулийн хариуцлага хүлээлгэх болохыг мэдэгдлээ.
Цэрэг татлагын зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд эрүүл мэндийн даатгал төлсөн байх ба иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, цээж зураг гэх мэт баримт бичиг бүрдүүлэх юм.