Эрдэм шинжилгээний хурлыг хоёр түвшинд зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2026-04-14 15:37:02

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. ШУА, Социал Демократ Монголын Залуучуудын Холбоо, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо хамтран New Normal-2026” эрдэм шинжилгээний хурлыг бакалавраар сурч буй оюутан залуус ба магистраас дээш судалгаа хийдэг багш, судлаач, эрдэм шинжилгээний ажилтан гэсэн хоёр түвшинд зохион байгуулна.


Шинжлэх ухаанч байдлыг дэмжих, судалгааны ажлыг онолын шинэ мэдлэг, амьдралд хэрэгжих боломжтой шийдэл бүхий бүтээлийг илрүүлж, эрдэм шинжилгээ, эдийн засгийн эргэлтэд оруулах, зохих асуудлаар төрийн байгууллагад санал хүргэх, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллах гаргалгаа гаргах зорилготой тус хурлыг 10 дугаар сарын 20-нд хийх юм. 


Хуралд ирүүлэх материалыг зургаан сарын өмнө зарлаж буй нь эрдэм шинжилгээний шаардлагатай судалгаа нотолгоо хийх, шинэ техник технологийн нэвтрүүлэх хугацаа олгож байна. Ингэхдээ эдийн засгийн хөгжил, инновац хиймэл оюун, олон улсын харилцаа, эрүүл мэнд анагаах ухаан, хот төлөвлөлт, хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр бүтээлээ бэлтгэж, судалгааны хураангуйг зургаадугаар сарын нэгэн, бүтэн илтгэлээ 10 дугаар сарын нэгний дотор илгээнэ. Шилдэг бүтээлүүдийн шагналын сан нь 160 сая төгрөг ажээ.


SDY Mongolia”-гийн Удирдах зөвлөлийн гишүүн Н.Булгантамир “Монгол Улс тусгаар тогтносон улс эсэх тухай ард нийтийн санал асуулгыг 1945 оны 10 дугаар сарын 20-нд явуулж байсан өдрөөр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар товлосон. Хурал нь судалгааны соёлыг төлөвшүүлэх, нотолгоонд суурилсан сэтгэлгээг бэхжүүлэх, нийгэм, эдийн засаг, технологийн тулгамдсан асуудалд шинжлэх ухаанч гарц дэвшүүлэхэд чиглэж байгаа. Эрдэм шинжилгээний дэлхийн хэмжээний хэд хэдэн эрдэмтнийг урилгаар оролцуулна” хэмээв.  

Related news