ГОВЬ-АЛТАЙ: Мазаалайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2026-04-14 20:10:34

Есөнбулаг, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Мазаалайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүсэн тухай Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. 


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар мазаалай хамгаалах цогц ажлын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, "Монголын ховор амьтан, ургамал хамгаалах мазаалай нийгэмлэг" ТББ, Хүрээлэн төслийн гэрэл зурагчин У.Ганбаяр болон Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа хамтран дохиолол зүүх ажлыг зохион байгуулжээ. 


Тодруудбал, дөрөвдүгээр сарын 14-ний өдөр тус аймгийн Цогт сумын Баянтоорой тосгоны баруун тооройн баян бүрдэд 150 кг жинтэй мазаалайг барьж сансрын дохиолол бүхий хүзүүвчийг амжилттай зүүж, эдийн болон үсний дээжийг авсан байна. 


Энэ удаагийн хүзүүвч нь байршлын мэдээлэл дамжуулахаас гадна өөр дээрээ бичлэг хийх бөгөөд тухайн зүйл амьтны шилжилт хөдөлгөөн, идэш тэжээл, амьдрах орчны сонголт зэрэг биологи, экологийн онцлогийг судлахад ихээхэн ач холбогдолтой ажээ.


Related news