ГОВЬ-АЛТАЙ: Сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалах сургагч багш бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2026-04-15 12:39:56

Есөнбулаг, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Японы Хүүхдийг Ивээх Сангаас хүүхдийн сурч хөгжих үйл явцыг дэмжих, сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллыг сайжруулах чиглэлээр сургагч багш бэлтгэж байна.


Говь-Алтай аймгийн ЗДТГ болон Японы Хүүхдийг Ивээх сантай хамтран “Сургуулийн орчин дахь хүүхдийн эсрэг хүчирхийллийг мэдээлэх, хүлээн авах, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх” чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна. Тухайлбал, хүүхдийн эрх, хамгааллын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, арга зүйг түгээн дэлгэрүүлэх зорилготой сургагч багш бэлтгэх сургалтыг дөрөвдүгээр сарын 15-нд Алтай суманд зохион байгуулж байна.


Тус сургалтад Есөнбулаг сумын нийгмийн ажилтнууд, ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйчид, удирдлагууд, Боловсролын газрын удирдлага, мэргэжилтнүүд, мөн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газрын мэргэжилтнүүд хамрагдаж байна.


Сургалтыг төслийн зохицуулагч Б.Цэрэнханд, төслийн ажилтнууд Ч.Мөнгөнтуяа, Э.Дөлгөөнтуяа нар чиглүүлэн явуулж байгаа бол тус аймгийн Засаг даргын орлогч Э.Энхнаран сургалтын үйл ажиллагааны ач холбогдол, үр дүнг онцлон талархал илэрхийлж, оролцогчдод амжилт хүслээ.


Японы Хүүхдийг ивээх сан нь 2023 оноос тус аймагт төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн юм. Ингэхдээ “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг хэрэгжүүлж үүний хүрээнд сурагчдын сурч хөгжих үйл явцыг дэмжих сургагч багш нарыг бэлтгэсэн удаатай. 


Сургалтад оролцогчид сургуулийн аюулгүй байдлыг үнэлэх, эрсдэлийг бууруулах, хүүхдэд хүмүүжлийн эерэг аргаар хандах хэлбэрээр хүчирхийлэл, айдасгүй орчныг бүрдүүлэх арга зүйд суралцан мэдлэгээ тэлэх юм.


Related news