ГОВЬ-АЛТАЙ: “Эко аймаг” болох боломж, арга замыг тодорхойлно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2026 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид байгаль дэлхийгээ хамгаалах, эко хөгжлийн чиглэлд хамтран ажиллах зорилгын хүрээнд “Эртэч төлөөлөгч-Эко аймаг” уулзалт зохион байгуулж байна.
Уулзалтын үеэр төлөөлөгчдөд байгаль орчны салбарын бодлого, аймгийн ИТХ-ын шийдвэрийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын талаар мэдээлэл хүргэлээ.
Мөн байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт, малын тоо толгойн өсөлт, татварын бүрдүүлэлт болон зарцуулалтын өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж байна. Тухайлбал, тус аймгийн Эрдэнэ сумын амьтны нөөц ашигласны 2025 оны орлого 223,328,600 төгрөгт хүрч, холбогдох хуулийн дагуу энэ онд 111,664,300 төгрөгийг буцаан зарцуулах эрх үүссэн талаар мөн үеэр онцоллоо.
Түүнчлэн орон нутгийн байгаль орчны тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, “Эко аймаг” болох боломж, арга замын талаар санал солилцон, цаашдын бодлого болон хамтарсан төлөвлөгөөний чиглэлийг тодорхойлох юм.

Говь-Алтай аймгийн ИТХ-ын Ажлын алба, Байгаль орчны газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Алтай-Соёны бүс нутгийн салбар хамтран байгаль орчноо хамгаалах, эко хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд энэхүү уулзалтыг зохион байгуулж байна.