ГОВЬ-АЛТАЙ: Сурагчдын унших чадвар нэмэгдсэн ч ойлгох чадвар харилцан адилгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2026-04-17 13:34:31
Есөнбулаг, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. “Тэргүүний уншигч” шалгаруулах улсын 11 дүгээр уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалтыг Говь-Алтай аймгийн Боловсролын газар “Жангар” нийтийн номын сантай хамтран Есөнбулаг суманд зохион байгуулж байна.

Энэхүү уралдааныг Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хос бичигтэн” хөтөлбөрийн хүрээнд тав дахь жилдээ зохион байгуулж байгаа талаар тус аймаг дахь Хэлний бодлогын салбар зөвлөлөөс мэдээлэв.

Шалгаруулалтад тус аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд тус бүрээс шалгарсан 20 сурагч дунд болон ахлах насны ангилалд оролцож байна. Энэ жилийн хувьд оролцогчдын уншлагын дундаж хурд нэмэгдэж, түгдрэлгүй, сайн уншиж байгааг зохион байгуулагчид онцолж байна.

Мөн энэ удаагийн шалгаруулалтаар сурагчид уншсан сэдвээ хэр ойлгож уншиж буйг нэмэлт асуултаар үнэлж дүгнэж байгаа бөгөөд тэдний ойлгох чадвар харилцан адилгүй байгааг зохион байгуулагчид нь мэдээлэв.


Шалгаруулалтад амжилттай оролцсон ангилал тус бүрээс эхний гурван байр эзэлсэн сурагч улсын уралдаанд оролцох эрхээ авах юм. 


Ташрамд, "Төрөлх монгол хэл" уран бичлэгийн улсын 11 дүгээр уралдаанд оролцох Говь-Алтай аймгийн хүүхдүүдийн хоёрдугаар шатны шалгаруулалт нэгэн зэрэг болж буй юм.
Related news