Тансаг зэрэглэлийн автомашинуудад 10 хувийн татвар нэмж ногдуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЭЭЖИН. /BBC/. “Ferrari”, “Bentley”, “Aston Martin”, “Rolls-Royce” зэрэг тансаг супер автомашинуудад 10 хувийн нэмэлт татвар ногдуулахаар шийдвэрлэснээ Хятад улс зарлалаа.
1.3 сая юань /181 мянган доллар эсвэл 151 024 фунт/-аас дээш үнэтэй автомашинуудад ногдуулах уг татвар нь тансаг хэрэглээг хязгаарлах, автомашинаас ялгарах утааг бууруулах зорилготой гэж эрх баригчид мэдэгджээ.
Бусад тансаг зэрэглэлийн брэндүүдэд нөлөөлж буй энэ шийдвэр нь хөрөнгө чинээгээ гайхуулах үзэгдлийн эсрэг Хятадын эрх баригчдын авч буй олон арга хэмжээнүүдийн нэг ажээ.
Сайн чанарын автомашин үйлдвэрлэгчдийн хувьд Хятад улс бол хамгийн том зах зээл нь билээ. Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэгчид Хятадын худалдан авагчдыг татахын тулд тансаг зэрэглэлийн загваруудаа тус улсад танилцуулах нь нэмэгджээ.
“Rolls-Royce”, “Aston Martin” зэрэг автомашин үйлдвэрлэгчид SUV /спорт/ загваруудаа ирэх онд танилцуулахаар төлөвлөөд байгаа гэнэ. Харин Хятадын хэрэглэгчид спорт загварын машинаас илүүтэй том оврын машинуудад дуртай ажээ.
Дээр дурдсан татварын талаарх шийдвэр пүрэв гарагаас эхлэн хэрэгжинэ. Харин хэт баян хүмүүст нэмэлт татвар нь ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй гэж ажиглагчид үзэж байна.
БНХАУ-ын дарга Си Зиньпиний өрнүүлж буй авлигын эсрэг кампанит ажлын хүрээнд тансаг хэрэглээг багасгах арга хэмжээ авч байгаа юм.
Х.Сарнай