“Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-04-23 15:18:39

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. “Дэлхийн ном, зохиогчийн эрхийн өдөр”-ийг тохиолдуулан Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Парламентын номын сан МУИС-ийн харьяа Монгол судлалын хүрээлэнтэй хамтран зохиогч-уншигчдын уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.


УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлснээр, уулзалтыг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Г.Гэсэр нээж, МУИС-ийн сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор, Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Д.Заяабаатар “Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр лекц уншсан байна. Тэрбээр монгол судлалын нэгдсэн бодлого, түүний хэрэгжилт, монгол судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй сургалт, судалгааны дотоод, гадаадын байгууллага, төвүүдийн хамтын ажиллагаа  болон тус хүрээлэнгээс монгол судлалыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, төсөл, үйл ажиллагааг танилцуулав.   


Доктор, профессор Д.Заяабаатар “Монгол судлалын хүрээлэн нь дэлхийн монгол судлалыг хөхиүлэн дэмжиж, монгол судлалын судлаач нарыг  бэлтгэх, чадавхыг сайжруулах, монгол судлалын шилдэг бүтээл ном хэвлэлийг түгээх зорилготой судалгаа шинжилгээний байгууллага” гэдгийг онцлон дурдлаа.


Мөн тус хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлсэн “Монгол сурвалж бичгийн өв”, “Монгол эрдэмтдийн туурвисан зурхайн ном зүйн бүртгэл”, “Дэлхийн түүх мэндэлсэн нь”, “Марко Пологийн аялал”, “Энх-Амгалан хааны захидлууд”, “Чингис хаан, түүний үр сад”, “МУИС-ийн профессорын эрдмийн өв цуврал” гэх зэрэг 33 нэрийн 53 ширхэг ном, бүтээлийг Парламентын номын санд бэлэглэлээ.


Уулзалтад УИХ-ын Тамгын газар болон Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн албан хаагчид, МУИС, СУИС-ийн багш, судлаач, оюутан, 50 орчим уншигч оролцож зочин илтгэгчээс монгол судлалын талаар сонирхсон асуултаа асууж, санал солилцов.  




Related news