ӨВӨРХАНГАЙ: Сумдад төрийн албан хаагчдын орон сууц барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-04-24 18:07:57

Арвайхээр, 2026 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/.  Энэ онд аймгийн хэмжээнд томоохон бүтээн байгуулалтын ажлууд өрнөнө.


Азийн хөгжлийн банкны найман тэрбум төгрөгийн санхүүжилтээр Арвайхээр суманд 640 хүүхдийн сургуулийн барилга, мөн тус байгууллагын 120 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 300 ортой Нэгдсэн эмнэлгийн барилгыг барьж эхэлнэ.


Улсын төсвийн таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Бат-Өлзий, Хужирт, Бүрд, Богд, Сант суманд тус бүр найман айлын төрийн албан хаагчийн орон сууцны ажлыг үргэлжлүүлэх бол орон нутгийн 590 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Гучин-Ус, Зүүнбаян-Улаан суманд төрийн албан хаагчийн байр барих ажлын гүйцэтгэгчтэй түлхүүр гардуулах нөхцөлөөр гэрээ байгуулах юм.


Хархорин сумын “Номын хүрдэн” сургуулийн спорт заал, Баруунбаян-Улаан сумын спорт заалны барилгын ажлыг тус бүр улсын төсвийн 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар, Арвайхээр суманд Гал түймэр унтраах, аврах ангийн барилгыг улсын төсвийн 8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар, Хархорин суманд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын барилгыг улсын төсвийн 14.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус тус гүйцэтгэхээр гэрээ байгуулжээ.

Related news