Индонезид галт тэрэг мөргөлдсөний улмаас 14 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.enkh-od@montsame.gov.mn
2026-04-28 16:54:13

ЖАКАРТА, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /Reuters/. Индонезын нийслэл Жакарта хотын ойролцоо хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас амиа алдсан хүний тоо 14-т хүрч, 84 хүн бэртэж гэмтсэн тухай тус улсын төмөр замын оператор компани мэдээлжээ. Ослоос амьд үлдсэн хүмүүсийг аврах ажиллагаа дууссан байна.


Даваа гаргийн орой Жакарта хотын захын Бекаси дүүргийн галт тэрэгтэй орон нутгийн зорчигч тээврийн галт тэрэг мөргөлджээ.


Ослын улмаас 14 хүн амиа алдсан тухай Индонезын төрийн өмчит "PT KAI" төмөр замын компанийн гүйцэтгэх захирал Бобби Рашидин мэдээлсэн байна. Эрэн хайх, аврах газрын дарга Мохаммад Шафиигийн мэдээлснээр, ослын газарт аврах ажиллагаа дууссан бөгөөд осолдсон вагонуудаас зорчигчдыг гаргах ажил маш хүнд нөхцөлд явагдсан байна. 


Галт тэрэг мөргөлдөх үеэр гол хүчтэй цохилт эмэгтэйчүүдийн вагонд ирсэн байна. М.Шафиигийн хэлснээр, амиа алдсан хүмүүс бүгд эмэгтэйчүүд байсан бөгөөд тэдний ихэнх нь вагоны төмөрт хавчигджээ.


Индонезын Ерөнхийлөгч Прабово Субианто Бекаси хотын эмнэлэгт очсоныхоо дараа замын түгжрэлийг бууруулах зорилгоор төмөр замын ойролцоо гүүрэн зам барихаар шийдвэрлэснээ дурдаад, эрх баригчид уг ослын шалтгааныг шалгана гэж мэдэгджээ. 


Тус улсын Тээврийн аюулгүй байдлын үндэсний хороо ослын шалтгааныг шалгаж эхэлжээ. 

Related news