“KCNA” агентлаг байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМПХЕНЬЯН. /KCNA/. БНАСАУ-ын “KCNA” буюу Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг үүсэн байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна.
БНАСАУ-ын Засгийн газар болон Хөдөлмөрийн намын дуу хоолой болох “KCNA” агентлаг нь Пэктусан уулын агуу хүмүүсийн ивээл дор хөгжиж, Кимирсенизм-Кимжөниризмийн нийгмийг загварчлахын утга учрыг ухааруулах зорилго бүхий Хөдөлмөрийн намын үзэл суртлын ажлын тэргүүн эгнээнд явж ирсэн хэвлэл мэдээллийн хүчирхэг байгууллага юм.
Ерөнхийлөгч Ким Ир Сен 1946 оны 12 дугаар сарын 5-нд “KCNA” агентлагийг байгуулж, шинэ Солонгосын мэдээллийн агентлагийг байгуулах онол, практикийн асуудлыг тодорхойлсон юм. Тэрбээр тус агентлагт хэд хэдэн удаа зочилж, Хөдөлмөрийн нам болон Засгийн газрын дуу хоолой болох үүрэг, зорилгоо биелүүлэхэд нь чиглүүлж удирдаж байлаа.
Удирдагч Ким Жөн Ир Кимирсенизм-Кимжөниризмийн нийгмийг загварчлах ажлыг дэмжих зорилго бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд эрч шинэчлэл хийж, агентлагийн ажилтан, албан хаагчдад улс төрийн гүн итгэл хүлээлгэж, эцгийн хайрыг мэдрүүлсэн билээ. Мөн тэрбээр тус агентлагийн ажилтан, албан хаагчдыг Жүчэгийн үзэл санааг дэлгэрүүлэгчид, Хөдөлмөрийн намын үзэл суртлын тэргүүн эгнээнд яваа дайчид хэмээн үнэлсэн юм.
Өнгөрсөн 70 жилийн хугацаанд “KCNA” агентлаг нь ухаалаг удирдагч, Пэктусан уулын агуу хүмүүсийн ивээл дор гайхалтай түүхийг бүтээж, Хөдөлмөрийн намын үзэл суртал, Жүчэгийн үзэл санаанд тулгуурласан мэдээлэл түгээх бодлогын дагуу Жүчэгийн хувьсгалыг амжилттай явуулахад хувь нэмрээ оруулсан юм.
Өчигдөр болсон “KCNA” үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан баярын хуралд Хөдөлмөрийн намын Төв хорооны дэд дарга Ким Ки Нам тэргүүтэй албаны хүмүүс, сэтгүүлчид, редакторууд, Япон дахь солонгосчуудын ерөнхий холбооны мэдээллийн албаны төлөөлөгчид оролцлоо.
Д.Нямтулга