Утаа биднийг дахин шалгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2017-01-11 16:13:38

Улаанбаатарыг “Утаанбаатар” болгосон хорт утааны гамшиг монголчуудыг хөгжлийн шинэ гарцаа олох олон асуудал ар араасаа хөвөрч байгааг ил тод болгосоор байна.

Нийслэлийн захын дүүргийн гэр хорооллыг жил ирэх тусам тэлсээр байгаа орон нутгаас шилжин ирэгсэд их хотын хөдөөг бий болгосоор 20 гаруй жилийг үдлээ. Дэд бүтэц сул, алслагдсан аймаг, сумаасаа их хот бараадаж амьжиргаагаа дээшлүүлэх, ажил төрөлтэй болох, үр хүүхдээ сургууль соёл бараадуулах гэсэн иргэдээ ардчилсан төр нь буруутгах аргагүй.

Тэдний зарим нь зуд, байгалийн гамшиг, зах зээлийн давалгаанд өртөж амьжиргаагаа залгуулах малгүй, ажилгүй болж аргагүйн эрхэнд нутгаасаа дайжсан, бас хариуцлагагүйн зуданд өртөж нийслэлийг бараадсан нь ч бий.

Улаанбаатарын нэг сая хол давсан хүн амтай болгоод байгаа гэр хорооллын айл өрхөөс цөөнгүй нь 21 дүгээр зууны их хотод гэрэл цахилгаангүй байна. Тэднээс 10 гаруй жил лааны гэрэлд аж төрж байгаа айл өрхүүд ч бий. Монгол хүний уужуу тайвуу, хэнэггүй зангаар “За болно биз дээ”, “Төр засгаас дэмжиж туслах байх” гэсэн итгэл, сэтгэлээр хүлээсээр байгаа.

Харин ачааллаа даахгүй болчихоод байгаа Улаанбаатар хот уг асуудлыг шийдвэрлэх оновчтой гарцыг олж чадахгүй байгаа нь харамсалтай.

Өнгөрсөн жил гэхэд л бараг 6000 өрх нийслэлд суурьшжээ. Амьдралаа сайжруулах сэтгэл өвөрлөж орон нутгаас шилжин ирэгсдийн зарим нь ах дүүс, нутгийн танил талын тус дэмээр ажилтай, орлоготой, сургууль соёлтой, орон байртай хотын хүн болж чадсан. Мөн өөрсдийн нийгмийн идэвх, самбаагаар хотын иргэн болж төлөвшсөн ч байдаг л байх.

Харин хотод ах дүүс, танил талгүй, хотын иргэн болох гэж учраа олохгүй яваа цөөнгүй хэсэг нь ажил орлогогүй гундуухан өдөр хоногийг аргацааж явна. Ажилгүй, залхуу, сэтгэлийн тэнхээгүй зарим нь буруу замаар будаа тээж өөрийгөө төдийгүй ах, дүүсээ зовоож, их хотын бараан сүүдэрт нь орчихоод байгаагийн дийлэнх хөдөлмөрийн насны идэр залуус байгаа нь харамсалтай.

Өнөөдөр Улаанбаатарт хүн амын бөөгнөрөл үүсгэж "Хуаран" мэт болсон уул даваа, гуу жалга дамнасан гэр хорооллууд олширсоор байгаатай хэн ч маргахгүй бизээ. Эндээс гарч буй утаа, үнс тортог, хог хаягдал, хөрс, гол усны бохирдол хэрээс хэтэрсэн нь нууц биш, гашуун  үнэн.

Энэ байдал нь манай улсын хөгжлийн явц, үр дүн, бодлого, төлөвлөлт, төр засгийн чадвар чадамжийг дүгнэсэн маргаж зөвтгөхийн аргагүй баттай эх сурвалж, баримт нотолгоо гэдэг нь бидний нүдэнд ил тод болов.

                                Утааны гамшиг төрийн харалган бодлогыг илчлэв

Өнгөцхөн харахад нийслэлийн төвдөө эмх замбраагүй барьсан орчин үеийн барилга, орон сууцууд өнөөгийн Улаанбаатарын гэрэл гэгээ, нүүр царай нь болж байна. Харин үнэн хэрэгтээ бол хотын төвийн баруун, зүүн, хойд талыг хүрээлэн тэлсэн гэр хорооллууд Улаанбаатарыг зөвхөн нүүрээ угаасан хүүхэд мэт л харагдуулах болсон нь нууц биш.

Хотын газар зохион байгуулалт, төлөвлөлтийн асуудлыг 20 гаруй жил шүүмжилж, үе үеийн Засгийн газар, Улаанбаатар хотын захиргаанаас чамгүй хөрөнгө төсөвлөн гаргаж байгаа ч шийдвэртэй арга хэмжээ авч чадахгүй л байна. Энэ нь нөгөө төрийн нэгдсэн бодлого, залгамж чанар байхгүй явж ирсэнээс үүдэлтэй. Мөн төрийн албыг цалгардуулж, хувийн ашиг сонирхолоо дээдэлсэн шийдвэр гаргагчид болон хэрэгжүүлэгч эрх мэдэлтнүүдийн энэхүү явуургүй үйлдлээс нийслэлчүүдийн эрх ашиг, эрүүл мэнд ийнхүү ноцтой хохирсоор байна.

Хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьжиргаагаа залгуулж яваа хотын борчуудаа хэзээ ажилтай, орлоготой болгох асуудал нийслэлийн үе үеийн эрх баригчдын толгойны өвчин болсон мэт ярьдаг ч шийдсэн асуудал хангалтгүй, хий хоосон амлалт байсныг цаг хугацаа нотолжээ.

Утаа нийслэлийг нөмрөн аваад буй энэ хар өдрүүдэд яам, холбогдох байгууллагууд болон Улаанбаатар хотын Захирагч, УИХ, Ерөнхийлөгчийн түвшинд утааг бууруулах талаар шил дараалсан хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулж, тодорхой мэдэгдэл, шийдвэр гаргаж эхэлсэн нь “ниргэсэн хойно нь хашгирав” гэгч л болж байна.

Харин бодит амьдрал дээр бус цаасан дээр үлддэг энэ шийдвэр гаргагчдын үйлдэлтэй нийслэлчүүд дасан зохицох болсноор нийгэмд хар амиа бодсон сэтгэлгээ л улам бүр газар авах болов. Нийслэлийн иргэдийн амьдрах орчин нь тухайн иргэний бэл бэнчингээс шалтгаалж тэнгэр, газар мэт өөрчлөгдсөн нь үүний тод жишээ. Гэхдээ бид нэг агаар, хөрс, шороон дээр оршиж байгаа гэдгийг мартах учиргүй.

Өнөөгийн Улаанбаатар хотоос хамгийн дээд тансаг зэрэглэлд болон хамгийн доод ядуу буурай түвшинд хүрсэн аж амьдралын хоёр өөр дүр төрх улам бүр ялгарч тодорсоор байна. Үүнийг дэлхий нийтийн жишиг ийм л байдаг гэж хэлэх хүмүүс ч бий нь лавтай. Хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулахаар зорьж яваа Монгол Улсын хөгжлийн бодлого ийм харалган бус, арай л өөр баймаар...

                  Утаанаас улбаатай хөгжлийн шинэ гарц үгүйлэгдсээр байна...

Утааны гамшиг Монгол Улсад хөгжлийн зөв гарц, боломжоо ашиглах зайлшгүй шаардлага тулгарч байгааг ил тод болгож, бидэнд олон шийдвэрлэх асуудал байгааг эргэж харахыг сануулсаар байна.

Монголчуудын хувьд газар нутаг, байгалийн баялаг, оюуны өндөр чадамж, цөөн хүн амтай гээд олон нөөц боломжоо оновчтой зохион байгуулж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, төр нь удирдан чиглүүлэх аваас хөгжлийг сааруулагч түгжрэлээс гарах гарц байгаа гэдэгт олон хүн итгэж байдаг.

Харин энэ боломжоо ашиглаж хөгжлийн гарцаа тодорхойлж, иргэдээ ажилтай, орлоготой болгох үйл хэргийг эхлүүлэхийн оронд төрийн түшээд нь валют болон америк долларын хөрөнгө оруулалт хийхгүй л бол эдийн засгийн хямралаас гарах аргагүй хэмээн гадны хандивлагч улс орон, олон улсын банк, хөрөнгө оруулагч байгууллагуудаас буцалтгүй болон хөнгөлөлттэй зээл тусламж, хандив гуйдаг нь жирийн иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа юм.

Өрөнд баригдсан өнөөгийн Монгол Улсыг аврах нэг гарц нь уул уурхайн Оюу толгой, Таван толгой тэргүүтэй орд газрууд хэмээн үзэж байгаа нь түр зуурын гал зогсоох зам мөр төдийгүй улс орны ирээдүйг харсан зөв бодлого, шийдвэр мөн эсэх нь тун эргэлзээтэй.

Харин иргэнээ дэмжсэн цогц бодлогыг төрийн дээд шатнаас эхлэн засаг захиргааны доод түвшиндээ хэрэгжүүлдэг хатуу зарчмыг баримталж, иргэн бүр эрх, үүргээ биелүүлдэг тогтолцоо үгүйлэгдсээр байна. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжин ажилгүй иргэддээ ажлын байр шинээр бий болгосноор олон улсад хүлээн зөвшөөрөгдөх “Монгол брэнд” бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах боломж нээгдэнэ. Дотооддоо өндөр чанартай үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг импортоор аль болох авахгүйгээр дотоодын нөөц боломжоо дэмжихийн зэрэгцээ тансаг хэрэглээгээ хумисан бодлогоор өнөөгийн эдийн засгийн хямралыг бид давах учиртай.

Үүнийг нээлттэй, улс төржилгүй, эх оронч сэтгэл, зүтгэлээр нэгдэн хэрэгжүүлж байж Монгол Улс, бид бүхэн хямралаас бага хохиролтой гарч чадна. Мөн уул уурхайн том төслүүдээ улс орны эдийн засагт тодорхой үр ашгаа өгөх түвшинд хүргэсэн ил тод гэрээ, хэлцэл байгуулан хэрэгжүүлэхийг ард иргэд хүлээж найдаж байгаа. Харин Монгол Улсын ирээдүй дан ганц уул уурхайгаас хамааралтай байх нь бидний алс хэтийн хөгжлийн гол бодлого байх учиргүй гэдгийг монголчууд 26 жил туулсан туршлага, бие, сэтгэлээрээ мэдэрсэн.

             Иргэн хүн ямар үүрэг, хариуцлагатай байхыг ч "Утаа" сануулж байна...

Монголчууд бидний хэт цамаан зан, мөнгөгүй байлаа ч өр зээл тавьж аргацаадаг араншин, болохгүй бол эцэг эх, ах дүүсээрээ тэжээлгээд амьдардаг хариуцлагагүй байдал нь өсвөр залуу үеийг зөв төлөвшин хөгжихөд нь саад болсоор байна.

Иргэн та биеийн амрыг харж өрөөл бусдыг зовоож байснаас, ажил хөдөлмөр эрхэлж мөр бүтэн, нүүр бардам амьдрах хэцүү л биш байлтай. Ажлыг ч өөрийгөө ч голохгүй амьдрах боломжтой атал цөөнгүй залуус өндөр цалинтай уул уурхайд ажиллах гэсэн бодол тээж байгаа нь өнөө үеийнхэн зөвхөн уул уурхайг шүтэх болсныг гэрчилнэ. Энгийн иргэд ч, эрхэм түшээд ч зөвхөн уул уурхайг ярьж, олон толгойнхоо зүг амьсгаа даран, сонор тавьж суудаг болжээ.

Харин ингэж хий хоосон мөрөөдөж суусан 20 шахам жилд үр хүүхэд, ахмад настнаас эхлээд хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болсон утааны гамшиг биднийг хордуулсаар л байна.

Агаарын бохирдлыг ихэнх оронд хүхрийн давхар исэл, азотын давхар исэл, озон, тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг 6-8 үзүүлэлтээр хэмждэг. Харин манайд эхний 2-3 үзүүлэлтээр хэмжиж ирсэн. Амьсгалын замын, зүрх судасны, төв мэдрэлийн системийн өвчлөл, харшлын өвчин, удамшлын эмгэг, төрөлхийн гажиг, хавдар зэрэг өвчний тархалт жилийн зургаан сард буюу утааны улиралд эрс өссөн. Улмаар нөхөн үржихүйн эрүүл мэндийг хордуулах /үр хөврөл гэмтэх, дутуу төрөх/ хүүхдийн дархлаа, өсөлт хөгжилтийг бууруулах  хэмжээнд хүрсэн аюул дагуулсаар байна. Үүнийг олон улсын болон манай судлаачдын дүгнэлт тодорхой харуулдаг.

Ялангуяа зүрх судасны өвчтэй болон уушигны архаг өвчтэй хүмүүс болон нярай, бага насны хүүхдүүд, өндөр настнууд хорт утааны нөлөөнд нэн өртөмтгий байдаг. Өнөөдөр нийслэлийн эмнэлгүүдийн орны хүрэлцээ огт хангалтгүй байгаа нь утааны гамшигтай шууд холбоотой.

Энэ өвлийн хувьд нэгэнт нүүрлэсэн утаатай тэмцэх хамгийн энгийн бөгөөд эн тэргүүний арга нь амны хаалт буюу маск юм. Мөн агаар цэвэршүүлэгчийг утаа ихтэй бүсэд оршдог сургууль, цэцэрлэг, эмнэлэгт яаралтай түгээх, айл өрхүүдэд нь цахилгаан халаагуурыг хөнгөлөлттэй буюу буцалтгүй тусламжаар түгээж байж л иргэнийхээ эрүүл мэнд, амь насыг аврах гарц байна. Яаралтай хэрэгжүүлж болох гарц, боломжийг олж харах, санаачлага, хөдөлгөөн өрнүүлэх ажлыг дэмжицгээе.

Хороо, гудамж, хөршөөрөө нэгдэж утааг бууруулах талаар хамтран хяналт тавьж, сайн дурын бүлэг, хамтлаг байгуулж утаанаас хэрхэн сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллах шаардлага иргэн бүрийн өмнө тулгарлаа. Харин энэ ажилд нийслэлийн хороо, дүүрэг, хотын захиргаанаас бүх талын дэмжлэг үзүүлж ажиллах ёстой.

Жилийн жилд л бид утааны гамшиг нүүрлэлээ гэдэг ч зун болохоор ор тас мартаж орхидог. Утаанбаатар болсон Улаанбаатарын утаат гамшиг энэ удаа биднийг дахиад л нөмрөн авч бидэнд нэн даруй шийдвэрлэх олон асуудал байгааг хатуу сануулж, аюулын харанга дэлдсээр л байна.

Үргэлжлэл бий...

                                                                                                                                   Д.Өлзий 

Related news