Цэцэг өвчнөөс сэргийлэх вакциныг бүх сумын бог малд хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2017-01-17 13:01:22

Архангай аймгийн Өгийнуур суманд бог малын цэцэг өвчин өнгөрсөн оны 11-р сарын 16-нд бүртгэгдсэнээс хойш хорио цээрийн дэглэм тогтоож, өвчилсөн малыг устгах, малын гаралтай түүхий эдийг тээвэрлэхийг хориглох хориглон постууд ажиллаж байна.

Хонины цэцэг өвчин гарсан даруйд Биокомбинат улсын үйлдвэрийн газраас вакцин авч Хашаат, Өгийнуур сумын голомтын бүс болон гадуурх багийн малд хийжээ. Харин өнгөрсөн оны сүүлчээр ОХУ-аас ирсэн вакциныг хийхээр найман хэсэг гараад байна.

Вакцин хийх ажилд сумдын эмч нарыг дайчилж байна. Вакциныг хийх явцад өвчний нууц үедээ байгаа тохиолдлууд илэрсээр байгаа юм байна.

ОХУ-аас вакцин ирэхээс өмнө малчид хятад болон монгол вакциныг худалдан авч хийжээ. Монгол, орос вакциныг зөв хийсэн бол нэг жилийн хугацаанд дархлаа тогтдог бол хятад вакцины хувьд дархлаа тогтох хугацаа нь тодорхойгүй байдаг  юм байна.

Бог малын цэцэг өвчин нь эмчилгээгүй, үхлээр төгсдөг өвчин учраас зориудаар устгах заалттай байдаг. 2017 оны 1-р сарын 15-ны байдлаар 3000 гаруй малыг устгаад байгаа ба вакцинжуулах явцад өвчин илэрсээр байна.

Өвлийн хүйтэнд малын өвчин гарч, өвчилсөн малаа олноор нь устгуулж байгаа малчид эргээд малын үнийн 90 хувиар нь тооцож нөхөн олговор олгоно гэсэн найдлага тээсэн ч сэтгэл санааны хувьд хүндхэн байна. Аргаа барахдаа улсын вакцин хүлээлгүйгээр өөрсдөө 30-50 мянган төгрөгөөр вакцин авч хийжээ.

Сумын зүгээс гарч байгаа хүн хүч, байр хоол, шатахууны зардал хэтэрч, Засаг дарга нь онцгой тохиолдолд дөрвөн жил зарцуулах мөнгө буюу 20,0 сая төгрөгийг зарцуулчихаад байна.

Вакцин хийж дуусмагц 21 хүртэлх хоногт хорио зээрийн дэглэмийг мөрдөх юм байна. Цаашид аймгийн нийт суманд вакцин хийх ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байна.

О.Амарзаяа

 

 

Related news