Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-01-26 16:49:57

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2014 оны зургадугаар сарын 06-нд баталжээ. Үүний дагуу Засгийн газрын тогтоолоор “Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалт”-ыг гарган, шинэчилэн баталсан бөгөөд өнгөрсөн оны 12 дугаар сарын 31 хүртэл мөрдөгдсөн.

Дээрх хууль, жагсаалт хэрэгжсэнээр 2014- 2016 онд нийт 1419 аж ахуйн нэгж нийт 3201 төрлийн 7 мянга ширхэг тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг импортоор оруулж ирсэн бөгөөд 13.2 тэрбум төгрөгний гаалийн чөлөөлөлтөнд хамрагдсан байна. Үүний дүнд дээрх аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн бүтээмж 20-30 хувь нэмэгджээ. Иргэн аж ахуйн нэгжээс Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, жагсаалтын үйлчлэх хугацааг сунгах хүсэлт ирүүлсэн байна. Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын гишүүдээс хууль, журмын үйлчлэх хугацааг 2018 оны 12 дугаар сарын 31 хүртэл сунгахаар хуулийн төсөл боловсруулсан байна. Хуулийн төслийг баталсан тохиолдолд энэ оны гуравдугаар сарын 01-нээс хэрэгжүүлж эхлэх юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Ч.Ариунболд

Related news