Ю.Малала НҮБ-ын хамгийн залуу Энх тайвны элч боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dorjkhand@montsame.mn
2017-04-11 10:58:25

НҮБ. /VOA/. Нобелийн Энх тайвны шагналт Малала Юсафзай охидод боловсрол эзэмшүүлэхэд онцгойлон анхаарах үүрэг хүлээсэн НҮБ-ын Энх тайвны элчээр томилогдлоо.

НҮБ-ын төв байранд даваа гарагт болсон арга хэмжээний үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 19 настай Малалаг хүлээн авч уулзан үг хэлэхдээ “би бол физикийн багш байсан хүн ... би энэ дэлхийн хамгийн алдартай оюутантай уулзаж байна. Малала бол баатар төдийгүй өмнөх ажилдаа сэтгэлээ зориулсан өгөөмөр сэтгэлтэй хүн” гэжээ.

НҮБ-ын тэргүүн цааш нь хэлэхдээ “бүх хүн, тэдний дотор охид эмэгтэйчүүдэд боловсрол эзэмшүүлж, тэдэнд тэгш эрх олгохын төлөө Малала тууштай тэмцсэн. Асар их заналхийлэлтэй нүүр тулгарсан хэдий ч дэлхий ертөнцийг илүү сайхан болгох хүслийнхээ төлөө тэмцсээр ирсэн чамайг хүндэтгэж байна” гэлээ.

Малала Юсафзай бол Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн хамгийн залуу хүн юм. Тэрбээр 2014 онд 17 настай байхдаа энэ шагналыг хүртсэн билээ. Одоо тэрбээр НҮБ-ын Энх тайвны элчээр сонгогдсон хамгийн залуу хүн болж байна.

Г.Доржханд

 

 

 

Related news